Буудай импортлохыг дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Буудай импортлохыг дэмжихгүй гэв

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан өндөрлөж хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн С.Батболд, Су.Батболд, Ё.Отгонбаяр нарын хамт мэдээлэл хийлээ.

Тус намын бүлэг таван үндсэн асуудал хэлэлцсэн бөгөөд эхэнд гаднаас 100 мянган тонн улаанбуудай импортлохоор болсон асуудлыг “буруу шийдэл” хэмээн дүгнэсэн байна. Энэ тухай асуудлыг хөндөх ажлыг хэсгийг Су.Батболдоор ахлуулан байгуулсан бөгөөд “Атрын III” аян, улаанбуудайнд урамшуулал өгөх гэх мэт бодлогын үр дүнд Монгол Улс 2010 он гэхэд өөрийн хэрэгцээг 100 хувь хангаад, дээрээс нь 204 мянган тонныг экспортлох, нөөцлөх хэмжээнд хүргэсэн. Гэтэл өнөөдөр салбарын алдаатай бодлогын үр дүнд 100 мянган тонныг гадагш экспортлох тухай биш, 100 мянган тонн буудайг гаднаас импортлон оруулж ирэх гэж байгаа нь салбарын сайдын ажилдаа хандсан хандлагын үр дагавар гэж дүгнэлээ.  Мөн “Засгийг газар нь экспортыг дэмжиж, импортыг багасгах бодлого барина гэсэн боловч импортыг дэмжиж байна. Нэг тонн буудайг оруулж ирэх нь 320 сая төгрөг. Тэгэхээр 100 тонныг импортлосноор 30 гаруй сая ам.долларыг цэвэр гадагш нь алдаж байна гэсэн үг” гэв. Мөн ийнхүү импортлон орж ирэх буудай нь хэдхэн компаний гараар орох магадлалтайг хэлж өмнө дэд хөтөлбөрийн хүрээнд гаргасан 48 тэрбумын 32 тэрбум нь ганцхан компанид очсон. Нэр ус нь ч дуулдаж байгаагүй гурилын компаниуд хөтөлбөрт нь хамрагдсаныг нь шалгах ёстой” гэв.

Энэ хүрээнд МАН-ын бүлгээс Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж яагаад ийнхүү гаднаас буудай импортлох хэмжээнд хүрсний шалтгааныг тодруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн өдрийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулганаар сонсох “Оюутолгой төслийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын талаар хэлэлцсэн байна. Гишүүн С.Батболд “Оюутолгой төслийн талаар шүүмжлэж байсан нөхөд өнөөдөр бүгдээрээ шийдвэр гаргагчид болчихсон байгаа. УИХ-ын удирдлагаас эхлээд, Уул уурхайн сайд хүртлээ хийж байна. Тухайн үед шүүмжилж байснаа өнөөдөр засч залруулж буй эсэхийг нь бид шаардах эрхтэй. Гэтэл шүүмжлэгчид маань ажлыг эрчимжүүлж урагшуулахад бодитойгоор харагдах зүйл хийсэнгүй. Харин ч саар мэдээлэл их байна. Далд уурхайн үйл ажиллагаа зогссон, хөрөнгө оруулалт олдохгүй байгаа тухай мэдээлэл л гарч байна” гэв.

Түүнчлэн бүлгийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын асуудал, хоёр сайдыг огцруулах тухай яригдах үеэр л буурсан долларын ханшийн өсөлт, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэлгүй орхиж буй алдаатай бодлого, тухайлбал 10 саяаас дээшхи орлогоос НӨАТ төлдгийг 200 сая болгон өсгөх хуулийн төслөө өргөн барьсан ч УИХ-аар хэлэлцэхгүй байгаа тухай зэрэг асуудлыг хөндсөн байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж