Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоор зөвшилцөнө гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоор зөвшилцөнө гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд бусад намын бүлгүүдтэй зөвшилцөх ёстой гэж үзсэн байна. Уг бодлогод баялгийн ордыг нөөцлөн хадгалах тухай заалт багтсан байсан ч ажлын хэсгээс хасах санал гарч улмаар байнгын хорооноос дэмжлэг хүлээсэн байдаг.

Мөн уул уурхайн ашигт малтмалын ордын анхны үнэлэмжийг тогтоох тухай заалт уг бодлогод тусгагдаагүй байна. Түүнчлэн тухайн ордын  нөөцөөс хамаараад дагалдсан дэд бүтцийг заавал байлгах ёстой аж. Тиймээс тус бүлгийн гишүүд болох Г.Уянга нар хэрвээ ордыг ашиглавал дагалдсан хот сууринг босгох ёстой гэж үзсэн байна. Хэрэв энэхүү заалтууд бодлогын баримт бичигт тусч чадахгүй батлагдвал Монгол Улс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого дээрээ ухралт хийнэ гэж бүлгийн гишүүд үзжээ.

Энэхүү хуулийн төслийг хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авсан юм. Тав хоногийн хугацаатай завсарлага авсан байсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ ажиллаагүй амарсан тул ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудал хэлэлцэгдэх боломжтой болж буй.

Мөн тус бүлгийн дарга Н.Батцэрэгийн онцолсноор МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг нь  олонхийг төлөөлж байгаа аж. Гэхдээ олонхийг төлөөлж байна гэдэг нь зөвхөн Ардчилсан намын гаргасан санал, өргөн барьж байгаа хуулиудыг дагаж дэмжинэ, хуулбарлана гэсэн үг биш. Олонхийг бүрдүүлж байгаа учраас бид олонхийн бодлого тодорхойлогч. Тийм учраас бидний гаргасан бодлого, зорилт, нийгэм, эдийн засгийн хөтөлбөрүүд батлагдах ёстой. Үүнийг ч Ардчилсан намын бүлэг олонхийг бүрдүүлж байгаагийнхаа хувьд дэмжих ёстой гэж "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд үзжээ. Тиймээс 2014 онд олонхийг бүрдүүлж байгаа хэсэг Засгийн газраа үр дүнтэй ажиллуулах бололцоог хангах, ажил хариуцаж байгаа хүмүүсийн хариуцлагатай холбоотой асуудлыг түлхүү ярих, өргөн баригдаж байгаа хуулийн төслүүд дээр харилцан бие биенийхээ саналыг хүндэтгэн, төрийн бодлого болгох чиглэлээр ойлголцож ажиллах жил байх учиртай. Мөн бүлэг дээр  зохион байгуулсан ажлын хэсгүүдээ илүү үр дүнтэй ажиллуулах зорилгоор  мэргэжлийн болон салбарын судлаачдыг татан оролцуулах талаар ярилцсан байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж