
-Оюутолгойн төсөлд хууль зөрчсөн хууль зөрчсөн олон заалт байгааг гарган тавьж байсан хүмүүсийн нэг нь та. Засгийн газар Тавантолгойн төслөө УИХ-д өргөн бариад байна. Энэ төслийн талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Дахиад л бид хууль эрх зүйн эргэцүүлэл рүүгээ орохоос өөр аргагүй л байна. 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль бас л олон дутагдалтай. Энэ хуулиар зөвхөн лиценз буюу ажил хийх эрхийн бичгийн зохицуулалтыг л хийж болно. Түүнээс геологи буюу уул уурхайн ажлын тухай хууль биш. Гол цөм болох геологи, уул уурхайн холбогдолтой хэсэг нь маш бага туссан байдаг. Тэгэхээр эхлээд хуулиа эргэн харж, нүүрсний тухай бие даасан хуультай байсан ч болохгүй юм байхгүй. Нүүрс зүгээр нэг хэвтэж байдаг түүхий эд байхаа больсон. Энэ бол дэлхий дээр байгаа энергийн гурав дахь цөм. Оюутолгой шиг яаран сандран хүчээр хийчихэж болохгүй. Тавантолгой дээр хоёр жилийн өмнө шахуу тендер зарласан хэрнээ, орж ирэх хөрөнгийг нь хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүй гэдгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд болсон жагсаалын үеэр мэдэгдсэн л дээ. Тэгэнгүүт саяхан Засгийн газар ашигт малтмалын хуулиндаа 29-ийн тав гэсэн шинэ заалт оруулж ирж байна. Энэхүү заалтаар гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг хамгаална гээд байгаа. Гэтэл энэ нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг болоод байгаа байхгүй юу.
-Яагаад, та өөрөө орж ирсэн хөрөнгийг хамгаалах хууль эрх зүйн орчин хэрэгтэй гэсэн шүү дээ?
-Дээр хэлсэн заалтаар бол оператор компанид бүх эрхийг нь өгчихөж байна. Уул уурхай ашиглана гэдэг чинь ордыг ашиглах, гарсан түүхий эдийг боловсруулах, худалдан борлуулах гэх мэтээр үйл ажиллагааны олон чиглэлтэй. Энэ олон давуу эрхүүд бүгдийг нь нэг гарт төвлөрүүлэх болчихоод байна. Үүнийг иргэний хуулийнхаа дагуу ажил хийлгэх, хийлгүүлэх гэрээгээр зохицуулчихаж болно.
-Ерөнхий сайд Тавантолгой 100 хувь төрийн мэдэлд байгаа гэж мэдэгдсэн?
-Энэ бол нэрнээс цаашгүй хэрэг. Бид наанаа нүүрсний эзэн гэж байгаа боловч ашиглах бүх эрх нь оператор руу явчихаж байгаа юм. Нэг ёсондоо уурхайн бүх эрхийг оператор компани эзэмшинэ. УИХ арай энэ чигээр нь баталчихгүй байлх гэж бодож байна. 2006 оны Ашигт малтмалын хуулиар лицензийг барьцаалах, олборлох гээд маш олон давуу эрхүүдийг оператор компанид өгчихсөн. Гэтэл өнөөдрийн өнцгөөс харахад уул уурхайн зөвхөн лицензтэй холбоотой хайгуулын ажил нь өөрөө маш том бизнес, дараа нь хайсан юмаа ашиглалтын лиценз болгох нь бүр ч том бизнес болоод байна шүү дээ. Харин энэ бүхний дараа үйлдвэр байгуулах нь тусдаа бизнес юм. Жасрай гуайн Засгийн газрын үед ийм алдаа гаргаад залруулж байсан. 1995 онд агаарын зам, засмал зам гээд бүх дэд бүтцийн салбаруудаа Америкийн нэг компанид өгөөд, түүнийг нь иргэн Д.Лхамжав, С.Зориг агсан, А.Ганбаатар нарын хүмүүс эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад, цэц хүчингүй болгож байсан. Энэ алдаа дахин давтагдаж байна. Та бүхэн харж байгаа биз дээ. Зарим нэг компани, банкуудын нэгдэл “Бидэнд зөвхөн худалдах эрхээ өгчих, нүүрсийг чинь бид та нарын өмнөөс худалдаад өгье. Оронд нь бид мөнгө өгье” гэсэн хүсэлт тавьж байна. Зөвхөн тэр эрхийг авахын төлөө тэрбум долларыг ч босгоё гэж яриад байна шүү дээ. Энэ том эрхүүдийг өнөөдрийн хэдэн төгрөгөөр сольчихож болохгүй. Солихдоо бүтээн байгуулалтын мөнгө биш, сонгуулийн амлалт биелүүлэх зорилгоор хэдэн зуун жил ашиглах үүцээ гарын салаагаар урсгаж болохгүй. Үнэндээ Тавантолгой дээр бид эдийн засаг техникийн үзүүлэлтээ ч тодорхой гаргаагүй байна. Дээр үед Оросуудын хийсэн нөөцийн судалгаа байгаа боловч яг албан ёсны баримт болгоогүй.
-Техник эдийн засгийн үзүүлэлтийг олон улсын байгууллагаар хийлгэх хэрэгтэй гэсэн байр суурьтай хэсэг бий?
-Тэгэх ёстой. Дэлхийн аль ч банк, хөрөнгийн биржид тавиад мөнгө авчих тийм паспорт буюу албан ёсны бичиг баримттай болгох нь нэн тэргүүний ажил. Энэхүү баримтыг дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд боловсруулсан байх ёстой. Тавантолгойн ордын хувьд доод тал нь 10-15 сая доллараар ийм бичиг баримттай болох юм байна лээ. Сая хэсэг нөхдүүд бид нар энэ мөнгийг олоод эхлээд юу ч гэсэн албан ёсны паспорттой болгочихъё гэсэн ч хүлээж авсангүй. Аль социализмын үед эрдэмтдийн хийж өгсөн цаасыг л орос англи руу хөрвүүлээд хэдэн тоог нь засаж гурилдаад байгаа юм. Оюутолгой дээр бид ийм үнэлгээ гаргуулж чадаагүй алдаа гаргасан. Алдаан дээрээсээ суралцах хэрэгтэй. Бидний алдаа багадаагүй ш дээ. 90-ээд оны сүүлээр маш олон байгалийн баялгийнхаа бичгүүдийг үнэгүй тараасан. Авлига хээл хахуулиар өгөөд дууссан. Түүний үр дүн Монголын баялгийн ихэнхийг Канад, Хятадууд эзэмшиж байна. Шударгаар хэлэхэд би Эрдэс баялгийн яамны мэргэжилтнүүд, агентлагийнхны гаргасан тооцоонд итгэхгүй байгаа. Монгол Улсын хэмжээний тандалт судалгаагаар 150-аад тэрбум тонн нүүрсний баялагтай гэсэн тоо гарсан байдаг юм. Ихэнх нь чулуун нүүрс. Энэ нөөцөө бид албан ёсны бичиг баримттай болгочихвол дэлхийд нүүрснийхээ нөөцөөр эхний гуравт орно.
-Хятад улс гуравдугаарт бичигддэг бил үү?
-Хятад 110 тэрбумын нөөцөөрөө гуравт бичигддэг. Тэгэхээр бид өмнө нь орж байгаа биз. Гол нь үүнийгээ албан ёсны болгох хэрэгтэй. Хэрвээ бид бүх нөөцөөрөө гуравт бичигдэх юм бол цөмийн зэвсэгтэй таван улс гэдэг шиг Монгол өөрөө нүүрсний стратегийг боловсруулдаг орон болно. Зөвхөн Тавантолгойд байгаа коксжсон нүүрс л гэхэд дэлхий дээр өнөөдөр илэрчихсэн байгаа коксжсон нүүрсний ордуудаас нэг дахин илүү гээд та бод доо. Польш их нүүрстэй л гэнэ. 39 хувь. Оросынх 50 хувьд нь ч хүрэхгүй. Энэтхэгийнх бүр 19 хувь. Энэ өнцгөөс харахад л Тавантолгойн асуудал нэг ордын биш дэлхийн хэмжээний том асуудал байгаа биз. Хоёрт нь 2009 оны коксжих нүүрс хэрэглэсэн орнуудыг харахад Хятад 11 сая тонн, Япон, Тайвань, Солонгос, Энэтхэг 110 сая тонн байна. 2015 он гэхэд энэ хэрэглээ 200 сая тоннд хүрнэ. Бидний зах зээлийн 80-90 хувь тэр улсууд байгаа биз. Яагаад гадны 11 оператор компани Д.Зориг сайдын өмнө чичрээд байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ. Дээр миний ярьсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулаад баталчих юм бол оператор компани энэ бүхний эзэн болно. Тэдний Тавантолгойгоос олох ашгийг ярихаа больё л доо. Тавантолгойн гэрээ байгуулагдлаа гэнгүүт тухайн компанийн хувьцаа хэд дахин өсч нөгөө яриад байгаа тэрбум доллар чинь нэг өдөрт хэд дахин өсөөд ороод ирнэ. Оюутолгойг эргээд сана л даа. Гэрээ хийгдэхээс нэг жилийн өмнө хувьцаа нь 2,7 канад доллар байсан. Хийлээ гэнгүүт л арав дахин өссөн. “Айвенхоу Майнз”-ын өөрийнх нь л хувьцаа шүү. Түүнээс Монголд байгаа “Айвенхо Майнз Инк” гэдэг компанийнх биш. Энэ өсөлтөөс Монголд юу ч ноогдоогүй. Яагаад гэвэл тэр чинь цаана байгаа компани юм чинь. Би дээр таны асуусан нэг асуултанд дутуу хариулсан байна.
-Ямар?
-Тавантолгойг төр 100 хувь мэдэлдээ авсан гэдэгт. Хэрвээ тийм юм бол нөгөө хоёр орд нь яах юм. “Тавантолгой транс” ХК, “Энержи ресурс” буюу Ухаа худаг гэдэг. Энэ хоёр яагаад орохгүй байгаа юм. Засгийн газрын нэг танилцуулгыг харахад Ухаа худаг хасагдчихсан байна лээ. Уучлаарай, тэр чинь Монголын ард түмний өмч. Таван хувь гэж байгаа ч 5-10 хувь байгаа юм. Хониор ярих юм бол хамгийн шимтэй сүүл хэсэг нь Ухаа худагт бий. 480 гаруй сая тн коксжсон нүүрс. Яагаад үүнийг тоглоомын гадна гаргаж байгаа юм. Ерөнхий сайд ард түмнээ хуурч байгаа асуудал. Нэгэнт л 100 хувь төрийн мэдэлд авсан бол “Тавантолгой транс”ХК, “Энержи ресурс” аль алийг нь ав л даа. Одоо бид оператор компанийг гол орд дээрээ оруулж ирж болно. Давуу байдалтай учраас маш их мөнгө орж ирнэ. Тэгэхээр жижиг Тавантолгой дахь нөгөө бусад компанийн нүүрс зарагдахгүй. Яагаад гэвэл Цанхаас ганцхан урагшаа Хятадууд л авна ш дээ. Тэгэхээр яахав нөгөө компаниуд нүүрсээ зүгээр шахуу өгнө биз дээ. Төрийн бодлого үүнийг зохицуулж байх ёстой. Өнөөдөр хэрэв хуулиа барьдаг л юм бол нэг ордыг нэг компанид ашиглуулна гээд ашигт малтмалын хуулинд заачихсан байгаа. Таван толгойг нэг л толгойгоор ашиглах ёстой. Хэрвээ хуваах юм бол албаар үнэгүйдүүлж байгаа хэрэг. Хуваах тусам үнэ нь буурна гэдгийг тэд маш сайн мэдэж байгаа. Хуваавал маш их хэмжээний авлига хээл хахуулиар гадныханд өгсөн нь гарцаагүй. Тэр нь өнөөдөр харагдахгүй байж болно. Гэхдээ энэ мөдхөн илэрнэ. Монголын хоёр компани тэнд олборлолт хийж байна ш дээ. Чадаад олборлож байхад тэр хоёрт л өгчихөөч дээ. Харин дахин боловсруулах дээр нь гадны гуравдагч компаниудын дунд тендэр зарлах ёстой.
-Өөрөөр хэлбэл та “Монгол 999” нэгдэлд эрхийг өгөх хэрэгтэй гээд байна уу?
-Яагаад болохгүй гэж. Тавантолгойн ашиглалтын эрхийг өгчих юм бол дараа нь оператороо өөрсдөө сонгож болно. Энэ эрхээ өгчих юм бол Монголд дахиж хөрөнгөтний хувьсгал маягийн маш том тэсрэлт болох юм. Монголчууд өөрсдөө нэгдээд юу хийж чаддагаа харуулах хэрэгтэй. Төр засаг тоохгүй, үл анзаарсан байдалтай байгаад гайхах юм. Монголчууд нь эвлээд нэгдээд дэлхийн зах зээл дээр гаръя гээд хүрээд ирэхэд нь яагаад дэмжихгүй байгаа юм бэ. Биднийг төр нь дэмжихгүй бол өөр хэн дэмжих юм. Гадныхан дэмжих үү. Энэ хүмүүс өөрсдөөсөө 15 сая долларыг босгоод албан ёсны бичиг баримттай болгоё гэж байна шүү дээ. Би танд нэг хуулийн заалт уншиж өгье. 1992 оны Үндсэн хуулийн 5-ын 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалт бий. Чимэд гуай их ухаантай хийсэн байгаа юм. Нийтийн өмч гэж байгаа биз. Өнөөдөр бид нийтийн өмч гэдгийг мартчихсан. Ганцхан Үндэсний радио телевизээс бусад нь төрийн өмч эсвэл хувийн өмч гэсэн хоёр хэлбэрт хуваагддаг. Гэтэл дэлхий нийтийн хандлага өөр болж байна. Өнгөрсөн жил Элинор Остром гэдэг эмэгтэй Нобелийн шагнал хүртлээ шүү дээ. Тэрээр яваандаа нийтийн өмч нь илүү давамгайлна шүү. Байгалийн бий болгосон өмчийг ашиглахдаа нийтийн өмч гэж үзнэ. Үүнд нар салхи, бэлчээр, загас агнуур, ан амьтан уул уурхай орно гэдгийг гарган тавьж энэ шагналыг хүртсэн. Одоо үүний загвар механизмыг хийх улс нь Монгол хувь заяаны эрхээр болчихоод байна. Яагаад гэвэл манай бэлчээр бол нийтийн өмч. Байгалийн баялаг нийтийн өмч. Төрийн өмч гэж зургадугаар бүлэгт тодорхойлсон боловч энэ чинь нийтийн юм. Тиймээс бид нийтийн өмчийн хуультай болох хэрэгтэй. Тэгвэл дэлхийд энэ төрлийн анхны загварыг бий болгож, өөрсдийнхөө өмчид эзэн байна. Ний нуугүй хэлэхэд өнөөдрийн энэ тоглолт зүгээр шинэ жилийн уур амьсгал бүрдүүлэх гээд гацуур засаж “карнавал”-ын хөгжим эгшиглэж байгаа юм шиг санагдаад байгаа юм. Үнэндээ эзэн нь тодорчихсон. Одоо болж буй процесс жүжиг юм шиг. Тийм бол Монголын ард түмэн зүгээр суухгүй байхаа.
-Аливаа юм хоёр талтай. Энэ төслийн хувьд гэрэлтэй зүйл байна уу?
-Маш ядмаг ерөнхий зүйл. Тавантолгойн төсөл гээд ядаж гурван боть ном оруулж ирэх ёстой. Одоогоор хэлэх юм даан ч алга. Би эрх зүйн хувьд бэлэн болоогүй байхад асуудлыг оруулж ирлээ л гэж харж байна. Би дээр хэлсэн жүжиг болоод байна уу гэж. Гэхдээ үүнийг зогсоож болно. Засгийн газар битгий хэл УИХ-ыг ч ард түмэн өөрсдөө сонгодог. Ард түмэн хүсвэл өөрсдийн энэ эв нэгдлийг ивээн тэтгэх, өөрсдийгөө дэлхийн хэмжээнд гаргаж чадах компаниудыг дэмжихүйц УИХ-ыг ч сонгож чадна. Засгийн газрыг ч дахин байгуулж чадна. Хэрвээ Ерөнхий сайд С. Батболд Монголын ард түмнийг яг өөр шигээ лиценз эзэмшдэг дэлхийн хэмжээний баян болгох механизмыг гаргаад ирвэл дөрвөн мөчөө өргөөд ч болов дэмжинэ. Харин “Бороогоулд” шиг Монголын ард түмний нийт өмчийн хэдхэн хувийг нь өгөөд үлдсэн 90-ээд хувийг нь Канадын луйварчдад өгөх юм бол уучлаарай, бүх мөчөө хөдөлгөөд тэмцэх болно.
-Танд баярлалаа
А.ЭРДЭНЭТУЯА