Мөн бүлгийн хуралдаанаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх жагсаалтад багтсан хуулийн төслүүдийг багцлахад долоон төсөл батлагдсан бол хэлэлцүүлгийн шатанд 11 төсөл, мөн хэлэлцэгдэх эсэх нь хүлээгдэж буй 12 төсөл байжээ. Тиймээс УИХ намрын чуулганыг завсарлахаас урьтаж аль төслүүдийг хамгийн тэргүүнд батлах шаардлагатай, мөн алийг нь хаврын чуулганд шилжүүлэх вэ. Засгийн газраас нэн тэргүүнд УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай төсөл юу вэ гэдгийг хөндөж ярьсан байна. Ингээд намрын чуулганаар багтааж улстөрийн тогтолцооны шинэчлэлтэй холбоотой асуудал, үүн дотор Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг багтаан УИХ дахь бусад намуудтай зөвшилцөн хэлэлцүүлгийг эхлүүлж, улмаар ирэх хаврын чуулганаар багтаан батлах. Мөн Хотуудын тухай асуудлыг түргэвчлэн аймгийн төвүүдийг хот болгох асуудлыг цэгцлэх, татварын цогц шинэчилсэн хуулийн төслийг Засгийн газар санаачлан УИХ-д мэдүүлэх ёстой гэх үүргийг бүлгээс өгчээ.
Хууль эрх зүйн хүрээнд хийх шинэчлэлтэй холбоотойгоор нэр бүхий дөрвөн хууль шинэ оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Үүнээс гадна мөн хэлэлцүүлгийн шатанд хэд, хэдэн төсөл бий ч Засгийн газрын зүгээс ойрын хугацаанд нэр бүхий гурван хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх аж. Тодруулбал, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх тухай, Зөрчлийн тухай зэрэг багц төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Зөрчлийн тухай хуулиар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, татварын байцаагч нарын эрх үүргийн тухай тодруулж зааж өгөх аж. Ингэхгүй бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын албан тушаалтан нь дуртай нэг компани дээрээ очоод торгууль тавихаараа Эрүүгийн хуульд заасан торгуулиас ч өндөр торгууль ногдуулдаг байна. Энэ мэтчлэн хуулиас давсан проблемтой асуудлууд дээрх хуулийн хүрээнд цэгцлэх боломжтой тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мөн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.