
Ийнхүү бэлгэдлийн сайхан үгс хэлэлцэхийн цаана бодит байдал дээр 2013 он, могой жилийг хүндхэн л давж, үдэж байгаа нь үнэн. Эдийн засаг 17 хувь өссөн гэх боловч инфляц 14 хувьд хүрч хөөрсөн, ядуурал 30 орчим хувьтай байна. Гэхдээ ирэх сард 2013 оны дүн мэдээ албан ёсоор гарна. Эдийн засаг бүхэлдээ эргэлт муутай, хурд, хүч сул, томоохон бүтээн байгуулалт, нийгмийн хамгааллын чиглэлийн дорвитой арга хэмжээ гэх зэрэг хөгжилд нөлөөлөхүйц үзүүлэлтээр хомсхон жил одлоо.
Гэвч 2014 оныг монгол хүн бүр сайнаар төсөөлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон боловч хууль баталсан болохоор үр дүн нь ирэх жилээс мэдэгдэнэ гэж найдаж байна. Бондын мөнгөнүүд байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт орж ирнэ, импортыг орлуулах хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж шинэ оны ажлын эхний өдөр Ерөнхий сайд сайн мэдээ дуулгав.
Том төрөөс ухаалаг төр ажил болж эхэлбэл нэг их мөнгө шаардахгүйгээр сайн зүйлүүдийг хийж болно. Төрийн нүсэр бүтэц задарвал, төр бизнест оролцохоо больж, зах зээлд нь үлдээвэл, түшмэд хүнд суртлаа хаявал, сайдууд давхар дээлээ тайлбал, өрсөлдөх чадвараа сайжруулбал, жинхэнээсээ зөвшилцөж чадвал, эрх баригчид иргэдээ, сөрөг хүчнээ сонсож чадвал, улстөржиж талцахаа больбол нэг ч зоос үрэхгүй атлаа маш их амжилт авчирч, өөрчлөлтийг хийнэ. Дараа жил нь жинхэнээсээ сайхан жил гарлаа гэж ярина. Ер нь өөрчлөлт хийх сэтгэлгээ, хандлага л хамгийн чухал нь гэж эдийн засагч Стефан Гариель монголчуудад зориулсан лекцдээ хэлсэн байдаг. Бэлтгэл, тэвчээр, эр зориг, хандлага байхад болно. Шинээр сэтгэх амархан харин хуучнаасаа салах хамгийн хэцүү нь гэсэн Кейнсийн үг байна. Монголын хөгжилд юу саад болж байна гэвэл хэт их улстөржилт, үгүйсгэлээсээ салах хэрэгтэй байх. Монголд байгалийн баялаг, нөөц, соёл, ардчилал, эдийн засгийн либераль суурь, боловсрол цөм байна. Гагцхүү улсаа гэсэн сэтгэл дутагдаж, намчирхал, талцал бүх зүйлийг гажуудуулсан. Түүнийг ухаарч, Том төрөөс ухаалаг төр гэх Үндэсний зөвшилцлийг үзэглэж чадсан нь 2013 оны хамгийн том амжилт, ажил болгож чадвал түүхэнд үлдэх жил гэж дүгнэж болох байх. Гэхдээ мэдээж үр дүнг гарсны дараа түүх өөрөө үлдээчихнэ.
Эх нь хээр алаг бол гэдэг шиг төр өөрөө хүчгүй, дарангуйлагч байх бол хуулийн засаглал гэж мянга яриад хэрэггүй. Засаглал сул дорой, цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд биш бол тэр л хэрээр нийгэм оршино. Байж боломгүй гэмт хэрэг гарч, ядуурал, залхуурал, анархизм газар авна. Хохирогч нь жирийн иргэд, хүүхэд, хөгшид, нялхас, охид эмэгтэйчүүд. Тэхээр парламентийн засаглалыг бэхжүүлж, Үндсэн хуулиасаа эхлээсэй. Дээрээ эрэмбэтэй бол дороо эрэмбэтэй болно. Давхар дээлээ тайлцгаавал эрүүл чийрэг харагдана. Намуудын хуулиа цэгцлээсэй. Нээрэн нам гэснээс намыг их шүүмжилдэг. Намгүй болно, гишүүнчлэлгүй байна ч гэх шиг. Үнэндээ бол төрийг бүрдүүлэгч намын системээс өөр зүйл одоогоор дэлхий дээр алга. Улс байгаа бол нам байж, нам буй цагт гишүүн дэмжигч байх нь тодорхой учраас туйлшрал, намжих хүчин зүйлийг багасгаж шинэчлэх, боловсон хүчний бодлого шударга ил тод байх, санхүүжилт тодорхой болгох зэрэг зарчмын өөрчлөлтүүдээ чанартай хийгээсэй. Сонгуулийн хууль ч гэсэн төгс төгөлдөр болсон уу гээд бүгдийг гэхдээ улстөржилгүй эрх ашгаа эрэмбэлж хийгээсэй.
Улс төр цэвэршихээр бусад зүйл аяндаа эрүүлжинэ. Эдийн засаг эргэлдэнэ. Цус шингэн, эргэлт сайн бол хүний бие ямар эрүүл байдаг билээ. Түүн шиг 2014 он Монголыг эрүүлжүүлээсэй. Хэрэв парламент бядгүй, засаг толгой дээр, засгийн толгой дээр олигархиуд гэсэн энэ чигээрээ байвал, яршиг нэг мөр өөр засаглалд шилжие. Өнгөрсөн 24 жилд Монголын улс төрийг Э, Б үсгээр эхэлсэн нэртэй улсууд тодорхойлж ирсэн шигээ Ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод олигархиуд ба түүний хүүхдүүдийг нэг мөр тахиж шүтээд, улс орноо удирдуулъя. Монгол одоо ч хэдэн гэр бүлийн мэдэлд баялаг, тойрог, эдийн засаг, санхүү юм юмтайгаа орсныг улам бүр баталгаажуулан хуульчилж засаглалаа өөрчилсөн нь шулуун биз ээ. Сэтгэл хоёрдохгүй.