Монгол #1 нөөцүүдээрээ дэлхийд хувьцаа гаргана

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Монгол #1 нөөцүүдээрээ дэлхийд хувьцаа гаргана

Монгол улс төрийн өмчийн баялгаа олон улсын хөрөнгө оруулагчдад санал болгох замаар дэлхийн хамгийн баялаг нөөцүүдээ олон улсад, тэр дундаа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа болгон гаргахаар төлөвлөж байна. Монголын Засгийн газрын харъяа байгууллага болох Төрийн өмчийн хорооны дарга Дуламын Сугар хэдийгээр хувьцаа гаргах асуудлыг эцсийн байдлаар батлаагүй ч Монголын засгийн газар хувьцаа гаргаж дотооддоо болон олон улсын хөрөнгийн зах зээлүүд дээр арилжаалах шийд гаргасан гэж ярьж байна.

Сугар дарга Монгол-Оросын хамтарсан зэсийн Эрдэнэт уурхай, коксжих нүүрстэй Таван толгойн орд, зэсийн Оюу Толгой уурхайнуудыг Монгол улс хувийн хэвшилд шилжүүлж хувьчлах болно. Түүнчлэн ураны компаниудыг хувийн хэвшилд шилжүүлж магадгүй. “Монголд олон улсад хувьцаа гаргасан газар байхгүй. Тиймээс бид хянуур хандаж байгаа. Бид олон улсын хөрөнгө оруулагчдыг, тэр дундаа Хонг Конгийн хөрөнгө оруулагчдийг хөрөнгө оруулаасай гэж бодож байна” гэж өчигдөр Монголын нийслэл Улаанбаатар хотод ярилцлага авахад Сугар дарга ярьж байлаа.

Монголын засгийн газар одоо төрийн өмчийн ямар аж ахуйн нэгжүүдээ хувьчлах вэ гэдгийг тодорхойлж байгаа гэнэ. “McKinsey & Co” компани засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд ажлын үр дүн сарын дараа гарна гэж байна. Монгол улс Орос, Хятадын хооронд байрладаг далайд гарцгүй улс бөгөөд дотоодын зах зээл нь тийм ч хангалттай хөрвөхүйц биш тул хилийн чанадын хөрөнгө оруулалтанд найдаж байна. Засгийн газар нь 2.7 сая хүнийхээ амьжиргааг сайжруулахаар чармайж байгаа бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ нь ойролцоогоор 2,000 ам.доллар байна.

Эрдэнэт үйлдвэрийг Монгол-ЗХУ хамтран 1978 оноос ашиглаж эхэлсэн. Тус үйлдвэр жилд 530,000 тонн зэсийн баяжмал, 3,000 тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг ба жилд 25 сая тонн хүдэр боловсруулдаг гэж вэб хуудсан дээрээ бичсэн байна.
 
Монголын өмнөд хэсгийн говийн бүсэд байдаг Таван Толгой нь 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд дэлхийн хамгийн том ашиглагдаагүй түлшний ордуудын нэг юм. Одоогоор 100 хувь төрийн мэдэлд байгаа ч Монгол улс энэ ордыг гадаад болон дотоодын хувийн байгууллагуудтай хамтран ашиглахаар төлөвлөж байна.

“Рио Тинто” групп болон “Айванхоу Майнз ХХК” хамтран Оюу Толгой төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Лондонд төвтэй Рио компани энэ ордыг дэлхийн хамгийн том зэсийн орд гэж үзэж байна. Энэ ордыг 30 хүртэл жил ашиглах бөгөөд 30-50 тэрбум ам.долларын ашиг олох болно гэж Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ярьж байсан. Айванхоу компани Оюу Толгойн 66 хувийг эзэмшиж байгаа ба Монгол үлдэх хувийг эзэмшиж байна. “Рио Тинто” групп “Айванхоу Майнз” компанийн 22.4 хувийг эзэмшиж байгаа бөгөөд цаашид энэ хэмжээгээ 44 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Оюу Толгойн үйлдвэрлэл 2013 он гэхэд ажиллаж эхлэх болно.

Монголын хөрөнгийн биржийн өдрийн арилжааны дундаж дүн 100,000 ам.доллар байгаа гэж Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны ажилтан Хангайн Алтай ярьж байна. Үүнтэй харьцуулбал Хонг Конгийн хөрөнгийн биржийн өдрийн дундаж арилжаа 64 тэрбум Хонг Конг доллараар хэмжигдэж байна. 2009 онд Хонг Конгийн биржид хувьцаа шинээр гаргасан компаниуд 248 тэрбум Хонг Конг долларын хөрөнгө босгосон байна.

Hanny Wan. “Bloomberg” 2010-06-16

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж