Ким Юүна Сочигийн өмнөх сорилтыг давлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.05-нд нийтлэгдсэн

Ким Юүна Сочигийн өмнөх сорилтыг давлаа

Олимп, дэлхийн аварга БНСУ-ын уран гулгагч Ким Юүна үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, “Сочи”-гийн олимпийн өмнөх сорилтыг давлаа.

БНСУ-ын уран гулгалтын үндэсний аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийнх 1996 онд, эмэгтэйчүүдийнх 1998 онд зохиогдож эхэлсэн түүхтэй. 2014 оны үндэсний аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд БНСУ-ын Куян хотод боллоо. Тус тэмцээнд таван удаа /2003-06, 13/ түрүүлж байсан олимп, дэлхийн аварга Ким Юүна 227.86 онооны үнэлгээ авснаар тэргүүлсэн байна. Удаах байрт Пак Су Ён, Ким Хэ Жин нарын тамирчид шалгарсан бөгөөд тэдний хувьд Ким Юүнагаас 50 гаруй онооны бага үнэлгээ авсан байна.

Дэлхийн хошой аварга, олимпийн алтан медальт Ким Юүна өнгөрөгч сард /12.05-0/ Хорватын Загреб хотноо болсон “Golden Spin Zagreb” тэмцээнд оролцож, түрүүлсэн. Түүний хувьд бэртлийн улмаас Гран при тэмцээнүүдэд оролцож чадаагүй. Тэрээр оны эхэнд болсон үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцож “Сочи”-ийн олимпийн өмнөх эхний сорилтыг давлаа.

Сануулахад, өвлийн олимпийн XXII их наадам ОХУ-ын Сочи хотноо ирэх сарын 7-23-ны өдрүүдэд болно. Харин уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медальтнууд хоёрдугаар сарын 14-нд, эмэгтэйчүүдийнх 20-ны өдөр тус тус тодрох аж.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж