“Ганц бие” амьдрал байх ёстой хэвийн үзэгдэл мөн үү | News.MN

“Ганц бие” амьдрал байх ёстой хэвийн үзэгдэл мөн үү

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

“Ганц бие” амьдрал байх ёстой хэвийн үзэгдэл мөн үү

Нөхөрт гараагүй эмэгтэй, ганц бие эрчүүдийг нийгэм хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан үе тун саяхан. Нөхөргүй эмэгтэйг “Удахгүй хэнд ч хэрэггүй болох хөгшин авгай” хэмээн гоочилж, доромжилдог бол харин эхнэргүй гоонь эрийг “хөгшрөхөд нь цай чанаад өгөх аяганы хүнгүй болох нь” хэмээн өрөвдөн хайрлацгаадаг байлаа.  

Цаг үеэ даган энэ ойлголт хуучин номын хуудсанд шарлан үлдсэн гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Харин ч бүр яг эсрэг утгаараа ойлгогдох  болсон гэж хэлж болно. “Гэрсэг” гэсэн ойлголт өнөө цагт моодноос гарч, хүмүүс ихэнх цагаа гэртээ бус харин  “гадуур” өнгөрүүлэх  сонирхолтой болсон гэж болно. Учир нь гайхалтай өндөр  боловсрол, алсын хараатай карьер, өндөр цалин гээд сонирхол татсан олон зүйлс тэдний оюун бодлыг эзэгнэх болсон билээ.

Энэ зөвхөн эрчүүдэд хамаатай зүйл гэвэл эндүү хэрэг болно. Өнөө цагт эмэгтэйчүүд ч  эрчүүдийн адил маргаашдаа итгэл дүүрэн, эрх чөлөөт  амьдралыг сонгох болсон байна. Тэд ч өөрсдөөсөө “Надад яагаад  заавал нөхөр  хэрэгтэй гэж” хэмээн зоримог асууцгааж эхэлжээ.  

Хамтдаа давчуу бас  уйтгартай  

Эхнэр нь нөхрөөсөө илүү орлого олдог ажилтай байлаа ч нөхөр нь  урьдын адил  гэртээ ядарсан, гундуу царайтай харьдаг. Учир нь тэр эхнэрээ  өөрөөс нь оройтож харихыг огт хүлээн зөвшөөрч чадахгүй бөгөөд өмнөх шигээ л баясгалантай царайтай, ширээ дүүрэн хоол бэлтгээд хүлээж байхыг  хамаагүй дээрд үзнэ.

Эсвэл  бүр эсрэгээрээ. Эхнэр гэртээ. Хүүхдүүдтэйгээ. Гэтэл нөхөр нь тоос сорогч, угаалтуурын крантыг засаад суухыг юу гэж хүсэхэв. Нөхөрт энэ бүгд дэндүү, тэвчишгүй уйтгартай санагдана. Тэд шинэ танил, шинэ аялал,  шинэ зүйл сурах хүсэлд умбаж, алхам алхмаар карьерийн өндөрлөгт хүрэхээр тэмүүлэх болно.  

Хэрэв гэр бүлийн хоёр  нэг нэгийгээ хүндэлж хайрладаг бол тэд хэзээд зөвшилцөж чаддаг. Тэд асуудлыг амархан шийднэ. Шаардлага гарвал асрагч, гэрийн үйлчэгч, сантехникийн засварчныг хөлсөлчихнө. Үдшийн цагийг тус тусдаа өнгөрүүлэх сонирхолтой бол зоогийн газарт хооллоно.

Гэтэл  бодит амьдрал дээр ийм гэр бүл хэр олон бол. Ихэнх гэр бүл ойлголцож чадалгүй, өрсөлдөгчид болцгоодог юм. Тэд “Чи өмнө нь ийм байгаагүй биз дээ”, “Бусдынхаар биш зөвхөн минийхээр л хий” гэх мэтээр нэг нэгэндээ тулган хүлээлгэсэн дээрэлхүү өнгө аясаар харилцаж эхэлдэг. Эцэст нь нэг гэрт багтаж шингэхгүй болж, хоёр тийш болцгоох нь элбэг.   

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж