А.Мөрөн багагүй бэрхшээл туулсны эцэст Тайландын I лигийн “ФС Краби” багт хүчин зүтгэх болсон бөгөөд тус багтай хоёр жилийн гэрээ байгуулсан анхны гадаад тоглогч гэнэ. “ФС Краби” багт манай тамирчнаас гадна нэг япон тоглогч бий аж.
Тайландын I лигийн тэмцээн хоёрдугаар сарын 21-нд эхлэх ба А.Мөрөнг гарааны бүрэлдэхүүнд багтах болно гэдгийг түүний менежер Такаши Моримото онцлов. Тэрээр хэлэхдээ “Монголд хөлбөмбөг тоглох авьяастай олон хүүхэд бий. Миний нүдэнд хамгийн түрүүнд А.Мөрөн өртсөн. Би цаашид олон авьяаслаг тоглогчийг мэргэжлийн лигт хөл тавихад нь туслах болно. Энэ бол эхлэл. Монголын хөлбөмбөг хөгжих замдаа орж байна. Өөрийгөө нээхийг хүссэн хүн бүр надтай холбогдож болно” гэв. Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн нэгдүгээр сарын 9-нд Тайланд руу буцаж, бэлтгэлдээ орох ажээ. Тэрээр эхний тоглолтоо хоёрдугаар сарын 21-нд хийж магадгүй гэнэ.