Огцрох хүртэл хариуцлагын механизмтай болно

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

Огцрох хүртэл хариуцлагын механизмтай болно

Иргэний танхимд өнөөдөр зарим хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг боллоо.  
Төрийн сонгогдсон болон зарим томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийлээ.

Уг хуулийн төсөлд төрийн харьяалалтай албан тушаалтнуудад хариуцлага тооцох тогтолцоог нарийвчлан тусгаж өгчээ. Томилогддог албан тушаалтнуудын хувьд босоо түвшинд, төрийн яамдын мэргэжилтэн, агентлагийн мэргэжилтэн, газар, хэлтсийн даргын түвшинд хариуцлага тооцох механизм бий. Үүнийг Төрийн албаны хуульд тодорхой тусгаж өгсөн. Гэтэл босоо биш, хэвтээ түвшинд буюу сонгогдож гарч ирдэг, УИХ-аас томилогддог байгууллага, ИТХ зэрэг байгууллагад хариуцлагын асуудал орхигдсон байна гэж үзжээ. Энэ сул орон зайг нөхөх, хууль зүйн хариуцлагатай болгох үүднээс хуулийн төслийг боловсруулсныг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг дарга зэрэг бүх албан тушаалтанд шинээр төслийг нь боловсруулаад буй хуулийн үйлчлэл хамаарах аж. Тэднийг ямар тохиолдолд огцруулах, яавал эгүүлэн татах талаар хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн дагуу шалгагдаад хууль зөрчсөн нь нотлогдвол дээрх албан тушаалтнуудыг огцруулах асуудлыг тавих юм байна. Огцруулах нь Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэс болохгүй. Эрүүгийн хариуцлага нь Гэмт хэргийн тухай хуулиар зохицуулагдана гэдгийг зөвлөх Ч.Өнөрбаяр дурдав.

Хэрэв Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож огцорвол тухайн улс төрийн албан тушаалтныг найман жилийн хугацаанд сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй талаар төсөлд оруулжээ. Хууль зөрчөөд, гэм буруугаа хүлээлгүй байж байгаад хариуцлага тооцуулж огцорсон тохиолдолд дөрвөн жилийн хугацаанд улс төрийн аль нэг сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлахаар зааж өгчээ. Хэрэв улс төрийн хариуцлага тооцохоос өмнө тухайн улс төрийн албан тушаалтан гэм буруугаа өөрөө ухамсарлаж албан тушаалаа өгсөн тохиолдолд улс төрийн хариуцлага тооцох талаар яригдахгүй юм байна. Гэхдээ энэ нь гэмт хэрэг үйлдсэн хариуцлага, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй аж.

Энэ нь улс төрийн түвшинд зөв соёл тогтоох, хэрэв албан тушаалтан Үндсэн хууль, хууль, ёс зүй зөрчсөн бол өөрөө улс төрийн хариуцлагаа хүлээж чаддаг соёлыг Монголд төлөвшүүлэх алхам болно гэж төсөл санаачлагчид харжээ.

Ийнхүү уг хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын их Хурлын гишүүн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах, огцруулах үндэслэл, журмыг тодорхой болгохоор тусгажээ.

President.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж