Эмэгтэй гишүүд ичиг ичиг

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

Эмэгтэй гишүүд ичиг ичиг

УИХ-ын
эмэгтэй гишүүд өөрсдийнхөө тухай дуу хийж дуулжээ. Уг нь УИХ-ын гишүүн
гэх эрхэм хүндэт алдрыг хууль баталж, төр түшээрэй гэж ард түмэн 76
гишүүнд итгэл үзүүлэн өгсөн байтал “Ир ир гэж Тамгын газраас шаардана,
Ирц ирц гэж сонин хэвлэлээр шаагина, Энэ бол 76 та бидний амьдрал”
хэмээн “Lumino” хамтлагийн “Намайг дагаад цэнгэ” дууны аянд танхимын 76
гишүүндээ хандан дуу зохиож, ёолкон дээрээ бие биенээ дагуулан цэнгэсэн
байх юм. Ер нь төрийн түшээд ингэж дуу дуулдаг, клип хийлгэдэг ядмагхан
сэтгэлгээнд хөтлөгдөж, үндсэн ажлаа төдийлөн хийж чадахгүй байгаа нь
тэдний өөрсдийнх нь мэдлэг боловсрол хэр тааруу байгаатай холбоотой гэж
иргэд ч гоочлох болсон.

“Ир гэж” Тамгын газрынхаа ажилтнуудаар
шаардуулахгүй, “Ирцээ бүрдүүл” гэж хэвлэлийхэнд чичүүлэхгүй байх нь
тэдний үндсэн үүрэг. Ингэх гэж л тэд сонгогдож, бид цалинжуулж байгаа.
Чадахгүй бол чаддаг аавын хүүхдэд зайгаа тавьж өгөөд, уран бүтээлээ
хөөгөөд явах хэрэгтэй болов уу. 

Гэтэл ажилдаа ирэхийн оронд
төвөгшөөн дуу зохиож, түүнийг нь 76 нь баяр бахадалтай хүлээж аваад,
баярлаж суудаг ийм түшээд сонгогсон сонгогчид бид ч арчаагүй хүмүүс юм
аа даа.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс шинэ жилийн баяр дээрээ
эрчүүддээ барьсан бэлэг нь энэ юм байж. Уг нь энэ удаагийн парламентад
эмэгтэйчүүд нийгмийн амьдрал, элдэв асуудалд өөр өнцгөөс хандана хэмээн
хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүнтэй парламентийг ард түмэн бүрдүүлж
өгсөн. Гэтэл эмэгтэй гишүүд нь сонгогчдоо үл хүндэтгэн, "Ирц бүрдэхгүй
байгаа нь бидний амьдрал" хэмээн дуулж байгаа байдалд сонгогч та бүхэн
дор бүрнээ нэг дүгнэлт хийгээд үзүүрэй. Ирц бүрдүүлж, хуралдаа суух
үүргээ умартаж, арга ядахдаа хурууны хээгээр бүртгэж, санал авах хууль
санаачилж байгааг эмэгтэй гишүүдийн гаргасан эл үйлдлээс харахад гайхаад
байхааргүй л боллоо. Ард түмний сонголтыг уландаа гишгэж, ирцээ
бүрдүүлэхдээ төвөгшөөж, шаардуулж байдаг эмэгтэй гишүүд огцорвол таарна.
Адаглаад зургаан настнуудаас ч долоон дор ухамсартай ийм хүмүүст бид
төр бариулах эрх олгосон нь, "Аргаа аргаа түг, Аавын толгой хага" гэгч л
болсон бололтой. Нэгэн удаа дуучин С.Жавхлан сэтгүүлчийн асуусан,

-Та заавал парламентад орж яах гээд байгаа юм бэ гэсэн асуултанд,
-Тэнд
чинь зөв хоолойтой нэг ч хүн байдаггүй юм билээ хэмээн хариулаад, олны
доог болж байлаа. Харин тэр үгийн утгыг машид ойлгосон эмэгтэй гишүүд
хариу барьж, зөв хоолойтойгоо харуулан, ийн дуулжээ. Говийн догшин ноён
хутагт
Дулдуйтын Данзанравжаагийн хэлсэнчлэн,

-Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзөри нар ичиг гэдэг шиг иргэдээ басамжлагч эмэгтэй гишүүд ичиг ичиг юм даа.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж