БОНХЯ-аас шилдэг нөхөн сэргээгч компанийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

БОНХЯ-аас шилдэг нөхөн сэргээгч компанийг шалгарууллаа

-“Алтандорнод Монгол” ХХК шилдэг нөхөн сэргээгч компаниар шалгарлаа-

Дэлхийн зах зээлд ойрын жилүүдэд гайгүй сайн байр суурьтай байх төлөвтэй байгаа уул уурхайн бүтээгдэхүүний нэг бол алт. Монголд алтны үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд уналтанд орж, бусаар ченжүүдийн гараар дамжин гадаадад гарсаны улмаас Төв банкиндаа хангалттай хэмжээгээр алт төвлөрүүлж чадахгүйд хүрсэн. Үүний шалтгаан нь хууль эрх зүйн орчны дутмаг байдал болон бичил уурхайчдын хариуцлагагүй үйлдлээс болсон гэдэг. Гэсэн хэдий боловч хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч, буух эзэн буцах хаягтайгаар үйл ажиллагаа явуулдаг компаниуд их байдаг. Жилээс жилд компаниуд нийгмийн хариуцлагаа эрхэмлэж, нөхөн сэргээлтийн ажилдаа ихээхэн анхаардаг болж байна.

Алт олборлолтод байгаль орчны нөхөн сэргээлтийг одоо зайлшгүй онцлох болсон бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас энэ чиглэлээр салбартаа тэргүүлсэн компанийг өнөөдөр тодруулж, өргөмжлөл гардууллаа. Ийнхүү нөхөн сэргээлт хийсэн шилдэг компаниар “Алтан Дорнод Монгол” ХХК шалгарсан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга өргөмжлөлийг гардуулсан. Тус компани нийгмийн хариуцлагаа эрхэмлэн өөрийн хөрөнгөөр Төв аймгийн Заамар сумын нутагт хийсэн байгалийн нөхөн сэргээлт нь салбартаа үлгэр жишээ болохуйц гэдгийг салбарын Дэд сайд энэ үеэр онцолсон юм.

Энэ талаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболдоос тодрууллаа.

-Шилдэг нөхөн сэргээгч компаниар шалгарсанд баяр хүргэе. Өнгөрсөн жил нөхөн сэргээлтэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулж, хэрхэн хийсэн бэ?

– Өнгөрсөн жил манай “Алтандорнод Монгол” компани арав гаруй жил эвдрэлтэй орхигдсон байсан газар, талбайг нөхөн сэргээж эхэлсэн юм. Ингэхдээ дөрөв орчим тэрбум төгрөгийг зарцуулж, 330 га газарт техникийн, 190 га газарт биологийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэлээ. Энэ нь улсын хэмжээнд хамгийн том нөхөн сэргээлтийн хэмжээ бөгөөд энэ хөдөлмөрийг маань Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас үнэлсэнд талархаж байна.

-Нөхөн сэргээлтийн ажил юугаараа онцлог байсан бэ. Нөхөн сэргээлт хийхээс өмнө ямар байсан, дараа нь ямар болсон бэ?

-Дээр хэлсэнчлэн олон жилийн туршид нөхөн сэргээлт хийгээгүй орхигдсон талбай их байгаа. Бичил уурхайчид мөн үүн дээр нэмэгдээд бусниулчихсан нь ч бий. Эсвэл нөхөн сэргээлтээ дутуу хийсэн байх жишээний. Нөхөн сэргээлтийг бид олон улсын стандартын дагуу хийсэн. Алт бусад эрдэс бодисоос ялгаатай нь ухаж авч буй шорооны нэг хүрэхгүй хувь нь алт болоод гарч байгаа. Үлдсэн нь шороо. Тиймээс энэ шороогоор олборлолт хийсэн ухсан нүхээ дүүргээд, шаардлагатай биологийн орчин үүсгэх хэмжээний ургамал, мод тарьдаг стандарт юм.  Мэдээж үүнд хөрөнгө мөнгө маш их шаарддаг. Ингээд манай компани сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт зургаан тэрбум төгрөг зарцуулж, хамгийн том нөхөн сэргээлт хийлээ.

-Алтны олборлолт сүүлийн жил муудсан гэдэг. Өнгөрсөн жил хэдий хэмжээний алтыг Монголбанкинд тушаасан бэ?

-Хууль эрх зүйн орчин дутмаг, зохицуулалт муугаас болж сүүлийн жилүүдэд Төв банкинд алт тушаах нь эрс багасч, олборлолт ч муудсан юм. 2012 онд Төв банкинд алт олборлогчид нийт гурван тонн алт тушааж байлаа. Тэгвэл өнгөрсөн жил бид бүгдээрээ есөн тонн алт тушаалаа.  Энэ бол багагүй үр дүн. Бид энэ жилээс Урт нэртэй хууль, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хоёр гол хууль эрх зүйн орчин маань тодорхой, оновчтой болно гэсэн итгэл, найдвараар дүүрэн хичээж ажилласны үр дүн гарсан юм. Хэрэв энэ хоёр хууль амжилттай батлагдаж чадвал үүнээс ч илүү үр дүнг үзүүлэх болно.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж