Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа. Гэхдээ шууд Эрүүлжүүлэх байрыг ЭМЯ шилжүүлэн авах ямар ч боломжгүй юм байна. Сүүлийн арваад жил яригдаж байгаа эл асуудлыг сөхөж тавих болгонд ЭМЯ-наас ийм чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй тухай тайлбар хүргүүлж байжээ. Одоо нэгэнт хууль батлагдсан учраас хэрэгжүүлэх гэтэл 2014 оны санхүүжилтыг шийдээгүй, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаагүй, хүний нөөцийн болон ажлын байрны чиг үүргийг тодорхой болгоогүй зэрэг олон асуудал тулгарч байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Эх сурвалжийн мэдээллээр өнгөрсөн оны долдугаар сард хуулийг батлахаар яригдаж байх үед ЭМЯ-аас эрүүлжүүлэх байрны чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй гэх тайлбар өгсөн ч харгалзаж үзэлгүй хуулийг баталсан байна. Тэгэхээр хуулийн хэрэгжүүлэх хугацаа болсон ч 2014 онд эрүүлжүүлэх байр ЭМЯ-ны чиг үүэргт шилжихгүй нь тодорхой боллоо. Харин Хууль зүйн яам хуулийг батлах үед ЭМЯ саналаа өгөөгүй учраас хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэж гэдийсээр. Нэг ийм түүхий гэмээр хуулиас болж Эрүүлжүүлэх байрыг цаашид хэрхэх нь бүрхэг болоод байна.