Оюутнууд өвлийн универсиадад оролцоод ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

Оюутнууд өвлийн универсиадад оролцоод ирлээ

Оюутнууд өвлийн универсиадад оролцоод ирлээ

Италийн Трентино мужид 2013 оны 12 дүгээр сарын 11-21-ны өдрүүдэд дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадам 11 спортын төрлөөр болсон. Наадамд дэлхийн 50 орны 2667 оюутан тамирчид, албаны хүмүүс оролцож Универсиадад оролцсон хүмүүсийнхээ тоогоор шинэ дээд амжилтыг тогтоожээ.Наадамд Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр яваад ирсэн МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д. Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.

-Өвлийн Универсиад 2013 наадам оролцогчдынхоо тоогоор дээд амжилт тогтооосон байна. Наадам хэрхэн болов?

Тэгсэн. Италийн Турин хотноо 2007 онд болсон Универсиадад 2511 төлөөлөгчид оролцож байсан, харин энэ наадамд түүнээс олон хүн очлоо. Сочи 2014 олимп болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдэж, олон орны баг тамирчид сорилтоо хийж байгаа үеэтэй давхцлаа. Наадмын тэмцээнүүд амжилттай, сайхан болсон. Италийн Трентино муж 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн энэ наадамд бэлтгээд 18 сарын дотор их ажил хийжээ. Уг нь энэ наадам Словений Марибор хотноо 2013 оны нэгдүгээр сард болох байсан юм. Итали улсад ийнхүү зургаа дах удаа (1966, 1975, 1985, 2003, 2007, 2013) өвлийн Универсиад наадам зохиосон, аргагүй туршлага ихтэй улс юм.

-Монголчууд ямар төрөлд оролцов? 

Монголчууд цанын спортын төрөлд оролцлоо. Тамирчидаа 2013 онд зохиогдсон Монголын оюутны спортын их наадмаас сонгосон. Өнгөрсөн хугацаанд бид ССАЖЯам, Спортын бэлтгэлийн төвтэй хамтран ажиллаж үндэсний шигшээ багийн тамирчин Б. Бямбадорж, Б.Гэрэлт-од, Ч.Отгонцэцэг нар болон цанын холбооны шугмаар Т. Доржготов нарын 4  тамирчинг авч явлаа. Дасгалжуулагчаар ҮШБ-ийн Д.Баттулга багш оролцсон.

-Манай тамирчдын амжилт хэр байв. Удахгүй өвлийн олимп Сочи хотноо болох нь байна?

Тамирчид үндсэн бэлтгэлээ ҮШБаг дээр хангасан. Тэд Универсиадаас 10 хоногийн өмнө Австри улсад очиж бэлтгэл хийн, олон улсын цанын холбооны тэмцээнд оролцсон. Манайхан Универсиадын цанын дөрвөн төрлийн тэмцээнд орлоо. Эмэгтэй 5 х 5 км, эрэгтэй 7,5 х 7,5 км скиатлоны  холимог төрөл, спринт буюу богино зайн тэмцээн, эмэгтэй тэшилтийн 5 км, эрэгтэй тэшилтийн 10 км зай тэмцээн, холын зайн эмэгтэй 15 км, эрэгтэй 30 км  уралдаануудад тус тус орсон. Манай баг тамирчид өөрсдийн өмнө тавьсан зорилтоо ханган биелүүлсэн.

Тамирчдын амжилт өнгөрсөн Универсиад наадмаас хэд хэдэн байраар урагшаа ахисан дүн гарлаа. Ялангуяа эмэгтэй 5 км зайд Мон-Алтиус БТДС-ийн оюутан Ч.Отгонцэцэг нь  95 тамирчнаас 18 тамирчныг ардаа орхин 76 дугаар байрт орсон. Мөн эрэгтэй 10 км зайн тэшилтийн уралдаанд  115 тамирчин оролцсноос Үндэсний БТДС-ийн оюутан, ОУХМастер Б.Бямбадорж 27:25,3 минутын амжилтаар 89 дүгээр байрт орлоо. Тэрээр 25 тамирчны өмнө барианд орж ирсэн. Манай Б. Гэрэлт-Од, Т. Доржготов нар ч бусад 3 төрөлдөө муугүй уралдсан. Цагийн амжилт ч боломжийн түвшинд байна. Универсиад 2013 наадмын дөрвөн зайд эрэгтэйчүүдээс Б.Бямбадорж бүх төрөлдөө Монголын тамирчидаа тэргүүлэн уралдаж, бэлтгэл сайтайгаа харууллаа. Манай эдгээр оюутнуудаас Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар Сочи 2014 оны өвлийн олимпод оролцох эрхээ бүрэн ханган биелүүлж, эх орноо төлөөлөн явахаар шалгарлаа.

-Өвлийн Универсиад наадам болсон Трентино мужийн онцлог нь юу вэ?

Трентино нь Италийн улсын автономит муж юм. Зүүн хойд хэсэгт, Альпийн нурууны дагуу, уулархаг бүс нутагт оршиж байна. Хот, тосгон нь уулын дунд хяр хэсэгт л байдаг. Өвөл, зуны аялал жуулчлал өндөр хөгжиж, жилдээ 5 сая жуулчин амардаг. Ялангуяа уулын цана, цанын спортын төрлүүд, тэшүүр, хоккей хөгжжээ. Үйлчилгээний газар, дэн буудал ихтэй. Эргэн тойрон уулынхаа хэсэг бүрт уулын цанын баазуудтай.  Уулын хавцал, бэл хэсэгт нь усан үзмийн модны тариалан эрхэлж, уулын энгэр, налуу хэсэгт алимны мод битүү ургуулдаг нь ихэд сонин, содон харагдлаа. Тренито хотноо таван монгол оюутан, мэргэжил дээшлүүлэгч сурч байна. Тэд баг тамирчидаа дэмжсэн.

-Тэмцээнүүд хаагуур болов. Өвлийн тэмцээнүүд олон газарт тарж явагддаг шүү дээ. Энэ удаа бас адилхан байв уу?

Уулын цанын тэмцээн явагдах газрууд хангалттай байсан. Трамплин харайлт нь Предаззо хотноо явагдсан. Сноуборд, фристайлын төрлүүдийн аваргууд Монте Бондоне тосгонд зохиогдсон. Хоккейн эрэгтэй тэмцээн Каназей, Кавалезе хотноо болж,  эмэгтэйчүүд Перинге хотноо өрсөлдсөн.Энэхүү мужид хөлбөмбөгийн спорт бус хоккей, уулын цана, цана, тэшүүрийн спорт их хөгжсөн байдаг юм. Тренто хотноо уран гулгалт, шорт трейкийн тэмцээнүүд болж, керлингийн тамирчид онч, мэргэнээ Баселга ди Пине хотноо сорилоо. Бид зарим тэмцээнийг үзэж сонирхсон. Өвлийн битүү дээвэртэй хоккейн ордон энэ мужид хэд хэдээрээ байна. Энэ том байгууламжийг модоор хялбархан барьсан нь сонирхолтой харагдлаа. Тийм том биш 500-2500 хүний суудалтай ордон байв. Манай Хандгайтад ч барьж болохоор л санагдсан шүү. Харин бид Панкиа тосгонд байрласан. Энэ тосгон Тренто хотоосоо 70 км оршдог. Ер нь тамирчид тэмцээн болох газрынхаа ойрхон зочид буудлуудад тарж байрласан. Биатлон, цана, цанын хоёр төрөлтийн тэмцээнүүд Лаго ди Тесеро хотноо болсон учир бид үүгээрээ төвхөнсөн.

-Аль улсын баг тамирчид сайн оролцов?

Тамирчид 78 төрөл, зайд  медалийн төлөө 11 хоногийн турш өрсөлдлөө. Нийтдээ 32 орны баг тамирчид медальд  хүрсэн. ОХУ-ын баг тамирчид нийтдээ 50 медаль хүртэн багийн дүнгээр тэргүүн байр эзлэв. Тэд алт 15, мөнгө 16, хүрэл 19 медаль  хүртсэн. Харин Польшийн оюутны баг 23 медаль үүнээс алт 10,  мөнгө 10,  хүрэл 3 хүртэж хоёрдугаар байранд орлоо. Удаад нь БНСУ-ын баг тамирчид алт 8, мөнгө 9, хүрэл 4 нийтдээ 24 медаль хүртсэн юм. Тамирчдын хувьд 12 хүн 2 алтан медаль хүртсэн ба үүнээс хоёр тамирчин медалийн чанараар өндөр гаргав.  БНСУ-ын тэшүүрийн эмэгтэй тамирчин Ким Бо Реум, Польшийн биатлоны эмэгтэй Вероника Наваковски- Зиамниак нар тус бүр 2 алт, 2 мөнгөн медаль нийтдээ 4 медаль хүртэн сайхан амжилт гаргасан.

Медаль хүртсэн орнуудын дотроос Шинэ Зеаландийн сноубордын тамирчин Гүүд Наталье нь слопе төрөлд алтан медаль, Азербайжаны уран гулгалтын хосууд нь богино үзүүлбэрийн төрөлд мөнгөн медаль, Австралийн А. Алмоуков биатлоны 12,5 км зайн пурсит төрөлд 59 тамирчнаас хүрэл, Хятадын Тайваны тэшүүрийн эрэгтэй тамирчин Сун Чин Яан 1000 метрийн зайд 37 тамирчинаас хүрэл медаль тус тус хүртэн эдгээр орны тамирчид Универсиад наадмаас анхны медалиудаа өлгийдөн авлаа. Халуун дулаан орны тамирчид биднээс өрсөн медальд хүрээд байгаа нь бидэнд ч олон юм бодогдуулсан. Бид одоог хүртэл өвлийн Универсиадаас ямар нэгэн медаль хүртэж чадаагүй л явна. Өвлийн олимпийн наадамд ч ялгаагүй, медальгүй байгаа шүү дээ.

-Монголд өвлийн спортыг хөгжүүлэх талаар танд ямар санаа байна вэ?

Бид өвлийн спортын тамирчидаа олимпийн дөрвөн жилийн мөчлөгт байнга ҮШБ-ийн бүрэлдэхүүнд бэлтгэн, хөрөнгө зарах хэрэгтэй. Ялангуяа цанын тамирчдыг Европын орнуудад болдог цуврал тэмцээнүүдэд тасралтгүй оролцуулах үүднээс жил бүрийн 11 сараас 3 сар дуустал Европын орнуудад байнга байлгадаг олон улсын туршлагыг авч  хэрэгжүүлмээр байна. Цанын төрөлд өндөр амжилт үзүүлж байгаа ихэнх орнуудын тамирчид цанын улирал эхлэхтэй зэрэгцэн Европод очиж, мини автобус хөлөглөн  тэмцээнүүд тойроод орж, бэлтгэлээ хангадаг. Тэдний иэхэнх нь Универсиадад ирж оролцоод, буцаад  өөр оронд болох тэмцээн рүү машитайгаа яваад өгч байна лээ. Мөн өвлийн спорт тухайн төрлөөр өндөр хөгжсөн орнуудын 2-3 дугаар шигшээ багтай нь тухайн оронд нь очиж хамтарсан бэлтгэл хийх, баазуудыг нь  ашиглан бэлтгэлээ хангая. Цанын нэгдүгээр шигшээ нь Европын орнуудад байнга байдаг ба зөвхөн улсын аварга болон зайлшгүй орох тэмцээнүүдийн үеэр эх орондоо ирдэг юм байна.

Манай оронд өвлийн спорт хөгжих бүрэн боломж, цас, мөс, уламжлал ч бий. Бид юуны түрүүнд цанын төрлүүд, биатлон, тэшүүр, хоккей, уран гулгалт, шорт трейк, керлинг гэх зэрэг төрлүүд дээр өвлийн спортын олон улсын зэрэглэлийн баазуудтай болох хэрэгтэй юм. Хоккейн ордон байгуулах ажлыг хурдхан эхлүүлмээр байна. Энэ ордонд өвлийн 4-5 спортын бэлтгэлийг хангуулах боломжтой. Завсар зайгаар нь чөлөөт гулгалт явуулж болно. Энэ ордоныг байгуулбал өөрөө зардлаа төлөөд явах боломжтой. ССАЖЯ-ны нэр дээр Буянт-ухаад мөсөн гулгуурын газар бий. Оросууд Сибирийн нөхцөлд зориулан Томск хотноо барьсан худалдан авч болохоор бэлэн зураг төсөл нь байна.

Өндөр уулсын бүс болох Хандгайтыг түшиглээд өвлийн спортын төвийг байгуулья. Одоо Хандгайтад тэшүүрийн холбооны мэдлийн  400 метрийн тойрогтой тэшүүрийн гадаа талбай ашиглалтгүй олон жил хэвтэж байна. Түүний үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй. Тэнд 2000 онд Азийн тэшүүрийн аваргын тэмцээн явагдаж байсан. Үүнийг Улаанбаатар хотын ЗДТГ-аас сэргээн ашиглаж байнгын үйл ажиллагаатай болгох хэрэгтэй. Хүүхэд, залуучууд байнга очиод гулгаж байг л дээ. Хэрэгцээ маш их байгааг Сүхбаатарын талбайд саяхан байгуулсан мөсөн гулгуурын талбай харууллаа. Цана, биатлоны төвийг нэг дор шийдэн  байгуулах боломжтой юм. Хандгайтад цанын холбооны мэдэлд боломжийн газар байдаг. Харин спортын холбоо ТББ-д мөнгө алга. Үүнийг төр, ТББ-ийн түншлэлийн хэмжээнд төрөөс мөнгө гарган хамтран эхлүүлэх, ажиллуулах, ашиглах зарчмаар эхлүүлмээр байна. Эдгээр газруудыг түшиглэсэн  өвлийн спортын төвийг байгуулах санал гаргаж байна. Хандгайт гэхээр л өвлийн спорт, цас мөс бодогддог шүү дээ. Тэнд одоо ч олон арван хүүхдүүд чаргаар гулгах, цанын спорт сонирхдог гадаад, дотоодын хүмүүс Улаанбаатар хотоос амралтын өдрөөрөө очиж гүйлтийн цанаар хичээллэж байна. Шинэ 2014 оны эхний өдөр Хандгайтад очлоо.  Тэнд ойролцоогоор 5000 гаруй машин 20,000 хүн очсон байна лээ. Зориулалтын зогсоол, гулгах газаргүй учир замбараагүй, машинууд бүтэн өдөржигөө тэнд түгжирээд бөөн юм болсон. Скай ресорт ч бас битүү хүнтэй байсан гэсэн. Хүмүүс хотын утаанаас холдуулах, эрүүл агаар амьсгалах, цас, мөстэй газарт очиж, хөгшид, хүүхдүүдээ гаргах, өвлийн спортоор хичээллэх хэрэгцээ, сонирхол манай иргэдэд их байна. Тиймээс өвлийн спортыг хөгжүүлэх үүднээс бид санаачлага гарган хамтран ажиллах хэрэгтэй.

-Дараагийн Универсиад наадмууд хаана болох вэ?

Өвлийн Универсиад наадмуудын эрхийг 2019 он хүртэл ОУОСХ-ноос олгосон. Иймд 2015 оны наадам Испани улсын Гранада хотноо, 2017 оных Казакстаны Алмата, 2019 оны наадам ОХУ-ын Красноярск хотноо  зохиогдно. Сүүлийн хоёр наадам нь манай улсаас ойр болж байгаа тул цана, тэшүүр, шорт трейкийн төрлөөр оролцох тамирчидынхаа тоог нэмэх бодолтой байна. Ялангуяа эдгээр наадамд цанын орон зай баримжаалах төрөл,  бэнди (бөмбөгтэй хоккей) нэмэгдэн орж байна. Хоккейн төрөлд эрэгтэй багаа оролцуулах санаа ч бидэнд төрж байгаа шүү. Ер нь уламжлалт спорт гэж байснаас фристайлын олон төрөл, сноубордын төрлийн богино үзүүлбэрийн тэмцээнүүдэд тамирчидаа бэлтгэх ч бололцоо бий. Эдгээр төрлүүд нь сүүлийн үеэд хүүхэд, залуучуудын дунд ихэд дэлгэрэн хөгжиж, сонирхолыг нь ихэд татах болсон юм. Орчин үеийн энэ төрлүүдэд залуучуудын сонирхол, ур чадвар их чухал байдаг. Тамирчдыг нь нисгэгч нар ч гэж нэрлэдэг болсон. Учир нь нислэлтэй үзүүлбэрүүд хөтөлбөрт нь их ордог болсон байна лээ.

-За та бүхэнд ажлын амжилт хүсье.
Дараагийн наадамдаа сайн оролцоорой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж