Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Алт үйлдвэрлэгчдийн холбоотой байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг өнөөдөр байгуулллаа. Санамж бичигт яамнаас Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд нар төлөөлөн гарын үсэг зурсан юм. Ингэснээр Уул уурхайн яамнаас боловсруулж буй “Монгол алт” хөтөлбөрт байгаль орчинтой холбогдсон урт хугацааны зорилт, хариуцлага, хяналт, ил тод байдлыг бий болгоход талууд хамтран ажиллах ажээ. Түүнчлэн алт хайх, олборлох, баяжуулах үйл ажиллагаанд байгаль орчинд ээлтэй, олон улсын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд холбогдох стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулахад хамтран ажиллах юм байна.
Монгол Улсын алтны нөөцийн тодорхой тоо байдаггүй нь шороон орд их байдаг болон хайгуулын ажлаар нөөц улам бүр нэмэгддэгтэй холбоотой ажээ. Гэсэн хэдий ч салбарынхны дундах яриагаар өнөөг хүртэл нийт алтны нөөцийнхөө 10 хувийг ашигласан юм байна. Үлдсэнийг хайгуулын ажлаар тодорхой болгох нь зүй ёсных бөгөөд ирэх жилүүдэд алтны салбар улам бүр идэвхжих хандлагатай байгааг эдийн засагчид хэлж байгаа. Тиймээс алтны салбарт байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт маш чухал учраас ирэх жилүүдэд ийнхүү салбар яамтай хамтран ажиллахаар болж байна.
Б.МИШЭЭЛ