Монголын хүндийн өргөлтийн холбооноос энэ оны анхны тэмцээнээ зохион байгуулахад бэлэн болжээ. Тус холбооны эхний тэмцээн болох Өсвөр үеийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Спортын төв ордны А зааланд болох юм байна. Тэмцээний үеэр Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх тамирчдыг болон хүүхдийн II олимпод эрх авах боломжтой өсвөрийн тамирчдыг сонгон шалгаруулна.
Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн
Эрэгтэй: 40, 44, 52, 56, 62, 69,+69
Эмэгтэй: 40, 44, 48, 53, 56, 63,+63 гэсэн нийт 14 жинд медальтнуудаа тодруулах юм. Тэмцээний техникийн зөвлөгөөн нэгдүгээр сарын 3-нд Хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болох бол тэмцээний талаарх хэвлэлийн бага хурал маргааш 15.00 цагаас шигшээ багийн зааланд болох юм байна.
Монголын хүндийн өргөлтийн холбооны бусад насны ангиллын УАШТ-ий хуваарийг танилцуулъя.
- Залуучууд УАШТ: Хоёрдугаар сарын 26-27-нд Спортын төв ордонд.
- Насанд хүрэгчдийн УАШТ: Гуравдугаар сарын 14-16-нд “Буянт-Ухаа” ордонд.
- Оюутны УАШТ: Дөрөвдүгээр сарын 19-20-нд Спортын төв ордонд.
- Ахмадын УАШТ: Тавдугаар сарын 17-18-нд Орхон аймгийн “Хангарьд” ордонд тус тус болно.