“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж, 2014 оны зорилтоо тодорхойллоо. Шинэчлэлийн Засгийн газар нь 2014 онд үйлдвэржилтийг дэмжих чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллах аж. Үйлдвэржилтийг дэмжсэнээр экспорт нэмэгдэж, импортыг орлохуйц бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно гэж үзэж байна. Мөн энэ удаагийн “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад сэтгүүлчдээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцож, Н.Алтанхуяг сайдад хандан асуулт тавив.
Сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд ямар хариулт өгснийг сийрүүллээ.
-УИХ-аар 2014 оны төсвийн хуулийг батлаад удаагүй байна. Гэвч удахгүй төсөвт тодотгол хийх төслийг Засгийн газраас УИХ-д мэдүүлэх сураг дуулдаж байгаа. Үүнд хөрөнгө оруулалтыг нь царцаасан обьектууд багтаж орох уу. Мөн Засгийн газраас алтны татварыг бууруулах зорилгоор Алтны ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-д мэдүүлсэн ч батлаагүй тул Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн. Үзэл баримтлалын хувьд адилхан байгаа. Ямар учраас хоёр дахь удаагаа төслийг өргөн мэдүүлсэн юм бэ. Гадаадынхны лобби байна гэх хардлага бас дагалддаг?
-Авлигажсан төсөвтэй холбоотйгоор 260 орчим тэрбум төгрөгийн обьектыг УИХ-аас царцааж, Аудитын газраас шалгаж байгаа. Хөрөнгө оруулалт нь өндөр байгааг нэгбүрчлэн шалгах юм. Тэгээд аль обьетод үнийн өндөр өсөлт оров гэдгийг нягталсны дараа Засгийн газарт жагсаалтыг өгнө. Нэгдүгээр сарын 10-нд багтаагаад өгнө гэсэн, үүний дараа Засгийн газраас 2014 оны төсвийн тодотголоо боловсруулж, УИХ-д өргөн барина.Төсвийн тодотголоо нэгдүгээр сардаа багтаагаад УИХ-аар батлуулна.
Алтны тухай хуулийн тухайд, Засгийн газрын хуралдаанаар яриад алт гэдэг чинь ашигт малтмалын тухай хууль гэж үзээд Ашигт малтмалын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад явчихая гэсэн. Үүнд лобби байхгүй. Валютын ханш өөрчлөгдөөд өсөөд ирэхээр түүнийг зохицуулахад маш хэцүү. Тэр тусмаа гаднаас орж ирдэг валют бага байх юм бол монгол төгрөгийг үнэгүйдүүлээд явчихаж байгаа. Тэгэхээр гаднаас орж ирдэг валютаа ихэсгэхийн тулд Засгийн газар бодлогоо тодорхойлж, экспортоо нэмэгдүүлж, импортыг орлуулъя гэж зорилго тавьсан. Түүний нэгд алт хамаарч байгаа. Алтыг их хэмжээгээр олборлож байна, тэгэхээр түүнийгээ гадаад руу экспортлоод 350 сая ам доллар болгоод авчих юм уу, эсвэл алтаа Монголбанкинд тушаагаад алтны нөөц бүрдүүлэх юм уу. Тэгэхдээ алт төв банкинд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, чи наад алтаа гадагш нь худалдсан дор төв банкинд худалдчих юм бол татварыг чинь бага авна л гэсэн үг. Үүнд буруу юм байна уу, байхгүй ш дээ. цаад агуулгаараа улсын валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг.
-Бие даагч гишүүдийн зүгээс “Монголбанкинд алтаа тушаалаа ч гадаад руу гарахдаа валют аваад явбал нөөц багасна” гээд байгаа. Энэ тохиолдолд зарчмын хувьд ялгаагүй болно гэж хэлээд байгаа л даа?
-Засгийн газрын хуралдаан дээр энэ тухай нэлээн ярьсан, Монголбанкны өөрийнх нь ч бодлого орж ирсэн. Монголбанкинд алтаа тушаадаг түүнийг нь урамшуулсан хууль баталчихвал Монголдоо алт үлдээд байх боломжтой. Хөрш орнуудтай харьцуулахад манай алтнаас авч байгаа татварын хэмжээ өндөр байгаагаас дотооддоо биш гадагшаа урсаж гарчихаад байгаа учраас түүнийг зогсоох оролдлого л хийж байгаа хэрэг шүү дээ.
-Гахайн махыг нэлээд хэмжээгээр импортоор оруулж ирдэг болж… Үүгээр зогсохгүй гахайн махны импортын татварыг хөнгөлөх тухай төсөл УИХ-д өргөн мэдүүлэх сураг дуулдаж байгаа. Дотоодын фермерүүд гахайн махны хэрэгцээг хангачих боломжтой юм шиг байгаа юм. Үүнд та ямар байр суурь барих вэ?
-Гадаадаас авч байгаа юмыг орлуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Одоохондоо 100 хувь дотоодынхоо хэрэгцээг хангачих хэмжээний гахайны аж ахуйтай болоогүй байгаа. Ганц л фермертэй. Тэгэхдээ нэг юмыг анхаарах ёстой, гаднаас авдгаас илүү үнэтэй хийнэ гэвэл бас асуудал үүснэ. Дотооддоо хийвэл хэдээр төлөх вэ гэдгээс их зүйл хамаарна.
-Энэ оны гурилын хэрэгцээг хангахын тулд гадаадаас 100 мянган тонн улаан буудай импортлох юм яриад байгаа. Экспортлогч орон болно гэж зорилго тавьж байсан орон яагаад импорт руу ухарчих вэ?
-Нөөц бүрдүүлэх зорилгоор улаан буудай импортолно. Х.Баттулга сайд энэ тухай хангалттай ярьсан.
-Төрийн тэргүүн төрийг ухаалаг болгох тухай асуудлыг тавих болсон. Тэр ч үүднээс төрийн албан хаагчдын нэг сонирхож байгаа юм бол энэ жил цомхотгол явагдах юм болов уу, яах бол гэсэн хүлээлттэй байна. Төрийн өмчийн хорооноос өгч байгаа мэдээллээр төрийн мэдлийн 4000 гаруй аж ахуйн нэгж байна?
-Бидний нэн тэргүүний зорилго бол яавал төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэдэг болох вэ гэдэгт л оршино. Төрийн албан хаагчийн хийдэг ажлыг ТҮЦ машин хийчихээд байгаа бол өөр ямар төрлийн үйлчилгээнээс хоцорч байна вэ түүнийг яаж түргэн шуурхай иргэддээ хүргэх вэ гэдгийг бодох ёстой. Заавал хүн халж байж санаа амардаг юм байж болохгүй.
-Энэ онд үйлдвэржүүлэлтийг дэмжинэ гэж та хэллээ. Үйлдвэржүүлэлтийг дэмжих тендэр ямар замаар хийгдэх вэ. Хоёрдугаарт, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд хоёрыг огцруулахгүй байх кноп дарвал төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн байрыг зориулалтаар нь үлдээнэ гэх тохиролцоог таныг О.Баасанхүү гишүүнтэй хийсэн гэх яриа бий. О.Баасанхүү гишүүн ч энэ уулзалтад сууж байна, бодитой хариулт өгөөч?
-Хаа очиж одоо нуудаг хаадаг юм цөөрсөн. Ирж байгаа төслүүдээ шаардлагатай бол ил тод байдлаар шалгаруулна. О.Баасанхүү гишүүн бид хоёр тохироо хийгээгүй.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-Ерөнхий сайд та ганц асуултад хариулт өгөөч, “Тохироо хийсэн гэж би бол яриагүй. Эмнэлгийн барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглахыг дэмжиж байна гэж та хэлсэн байх аа. Түүнийгээ л хэвлэлийнхэнд хэлчих. Сая та утасныхаа дугаарыг олон нийтэд ил болгохгүй, зарлахгүй гэдгээ хэлчихлээ шүү дээ, түүн шиг л?
-Баасанхүү чи миний утсыг олон нийтэд зарлаж яах гээд байгаа юм. Ер нь би зарлачихвал зарлачихъя гэтэл төрийн тусгай хамгаалалт талаасаа болохгүй, болдоггүй юм билээ ш дээ. Тэгээд ч чи миний утсыг зарлаж яах гээд байгаа юм. Шаардлагатай тохиолдолд би хүмүүст утсаа ажил хэргийн шугамаар угаасаа өгчихдөг.
-О.Баасанхүү:-14138 иргэн тань руу мессеж илгээж эмнэлгийн зовлон зүдгүүрийнхээ талаар танд мэдээлэл өгье гээд байгаа?
-Заавал энд орж ирж яриад байхаар яадаг юм. Намайг “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцох үеэр О.Баасанхүү гишүүн эмнэлгийн байшин ярьсан. Тэр үед би “Зориулалтаар нь ашиглах асуудлыг судлая” гэдгээ хэлсэн, тэгэхэд шуугиулаад байх, ингэх шаардлагагүй шүү дээ.
Ер нь бол хоёр эмнэлгийг нэгтгэж Батлан хамгаалах яамны дэргэд аваачсан нь зөв гэсэн. Энэн дээр бид хоёр санал нэгдсэн. Нөгөөдөх нь эмнэлгийн барилгыг заавал оффис болгох гээд яах юм , эмнэлгийн шугамаар нь ашиглаж болохгүй юу гэсэн. Би “Судлая” гэсэн. Яагаад гэхээр ордны хажуухан талд эмнэлэг байхаар машин байрлуулахаас эхлээд асуудалтай юм билээ. Тиймээс би судлая л гэсэн.
Онцлоход, өнгөрсөн оны тухайд эрдэс баялгийн салбарт зарим бүтээгдэхүүний экспортоос олсон орлого нэмэгджээ. Тухайлбал, зэсийн экспортоос 850.9 сая ам.доллар олсон байна. Энэ нь 2012 оны арваннэгэн сарын байдлаар гарсан дүн мэдээ аж, 2012 онд уг бүтээгдэхүүний экспортоос 838.8 сая ам.доллар олж байжээ. Харьцуулахад экспортоос олсон орлого өссөн үзүүлэлттэй байна. Мөн алтны экспорт нэмэгджээ, 2012 онд 122.3 сая ам.доллар олсон бол 2013 оны арваннэгдүгээр сарын байдлаар 303.9 сая ам.доллар олсон аж. Нүүрсний экспортоос 2012 онд 1.9 тэрбум ам.доллар олсон бол 2013 онд 1 тэрбум ам.доллар олжээ. Энэ нь 2012 оныхоос 900 гаруй сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан, мөн экспортын хэмжээ багассан зэрэг нь ийн нөлөөлжээ.
Сүүлийн жилүүдэд экспортод эерэг нөлөө үзүүлэх болсон бүтээгдэхүүн нь ноолуур аж. Өнгөрсөн оны эхний арваннэгэн сарын байдлаар 235.5 сая ам.доллар олсон нь 2012 оныхтой харьцуулахад 40 гаруй сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж.
Импортын тухайд тодруулахад, өнгөрсөн онд Монгол Улс эрдэс, хуванцар, арьс ширэн бүтээгдэхүүн хамгийн ихээр оруулж иржээ. Нийт импортын 35 хувийг дээрх бүтээгдэхүүнүүд эзэлсэн байна. Үүн дээр машин механизм, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, сэлбэг эд анги 15 хувийн импортыг бүрдүүлжээ. Иймээс экспортыг нэмэгдүүлж, импортыг орлохуйц бүтээгдэхүүнийг дотооддоо бүтээдэг болох нь чухал гэж үзэн Шинэчлэлийн Засгийн газар 2014 оныг үйлдвэржилтийг дэмжихэд гол анхаарлаа хандуулах аж.