Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Өдийд
хацар хайрсан жавар үлээж байдагсан. Харин энэ жил хачин дулаахан өвөл
болж байна.  Шинэ жилийн баярын өдрүүд олон жилийн дундажтай
харьцуулахад харьцангуй дулаахан байсан нь монголчуудад сонин байгаа
бололтой. Идэр есийн хүйтэн ид үлээх цагаар  цас хайлсан нь дэлхийн
дулааралын шинж тэмдэг үү эсвэл түр зуурын үзэгдэл үү гэдгийг ялгахад
бэрх. Идэр есийн өвлөөр хаврын уур орсон юм шиг тэнгэр хангай сайхан
аашлах нь харин сайны бэлгэдэл үү, муугийн ер уу. Үүнийг зурхайчид л
мэдэж байгаа байх.

Ус цаг уурын хүрээлэнгээс  ирэх өдрүүдэд
Монгол орны нийт нутгаар бага зэргийн цас орж хүйтэрнэ гэсэн
анхааруулгыг өгч байгаа. Гэхдээ хүйтэрлээ гээд өмнөх жилүүд шиг чөмөг
таштал хүйтэрч чадахгүй болов уу гэж хөгшчүүл ярьж байна. 

Их
нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Тэс голын сав газраар 40-50 градус хүрч
хүйтэрдэг байсан бол энэ жил өдөртөө 18-23, шөнөдөө 27-30 градус байгаа
нь  нутгийнхны хувьд өнтэй өвөлд тооцогдож байгаа аж.

Энэ жилийн
хувьд зарим аймгууд цас багатай, хараараа байгаа гэх мэдээллийг салбарын
яамнаас өгсөн. Малын хоргодол багатай байгаа  хэдий  ч малчид ирэх
хавраас нэлээд жийрхэж байгаа сураг байна. Учир нь өвөлдөө дулаахан,
хавартаа хатуу байж магадгүй гэсэн болгоомжлол байгаа бололтой юм.

Өнгөрсөн
зун сэрүүвтэр болсон бол харин намар урьд хожид байгаагүй урт, дулаахан
болсон.  Харин өвлийг хүйтэн болно гэсэн таамаглалыг мэргэжилтнүүд
дэвшүүлж байсан ч харин харьцангуй дулаахан, хачирхмаар өвөл болж байна.
Энэ өвөл мөн л олон жилийн дундажтай харьцуулахад нэлээд дулаахан
байгаа.

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан цаг агаарын жилийн
төлөв байдалтай харьцуулахад ирэх хавар олон жилийн дунджаас хүйтэн
байна гэсэн урьдчилсан мэдээ байгаа юм.  Монгол Улс өнгөрсөн жил 45 сая
толгой мал тоолуулсан. Хавар энэ янзаараа дулаахан сайхан байх аваас
малын тоо толгой өснө гэдэг прогноз бий.  Монголын адуун сүргийн тоо
толгой 2616.2 мянга, үхэр  2905.3 мянга, тэмээ 321.0 мянга, хонь 20036.6
мянга, ямаа 19196.7 мянгад хүрч, 2012 оныхоос адуу 285.8 мянга, үхэр
320.7 мянга, тэмээ 15.2 мянга, хонь 1895.2 мянга, ямаа 1638 мянган
толгойгоор өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Малчдын хөдөлмөр
зүтгэл мөн тэнгэр хангай тогтуун сайхан байсан нь малын өсөлтөд сайнаар
нөлөөлөө гэж салбарын мэргэжилтэн ярьж байна лээ. Үнэн байх. Ойрын
жилүүдэд бурханы ивээлээр Монголд цаг агаарын онцгой үзэгдэл болсонгүй.

Ийнхүү 
Монголын чөмөг царцаам хүйтэн дүн өвлөөр цас  хайлж, хүмүүст хавар
ингээд ирчих нь энэ үү гэсэн гайширал төрүүлэм содон үйл явдал боллоо. 
Дэлхийн дулаарал аа гэж. Сар хүрэхгүй хугацааны дараа Монголд сар шинийн
баяр болно. Цагаан сартай хамт хавар ирнэ.

 Н.ХҮСЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж