"Оюутолгой"-н далд уурхайн санхүүжилтийг өнгөрсөн оны сүүлчээр шийдвэрлэх болов уу гэсэн хүлээлт байсан. Тэгвэл хөрөнгө оруулагчдын зүгээс далд уурхайн санхүүжилтийн асуудлыг хойшлуулах хүсэлт тавьснаар энэ асуудлыг 2014 оны эхний хагаст шийдэхээр хоёр тал төлөвлөжээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх юм бол Монголын эдийн засагт багагүй дэмжлэг болно гэж эдийн засагчид ярьж байна. Дэлхийн банк санхүүгийн салбарт нэр хүндтэй 15 банкнаас сонгож хувь нийлүүлэгчид зээл авах юм байна. Түүнчлэн "Оюутолгой" зэсийн баяжмалаа экспортлож эхэлснээр манай улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломж бүрджээ. "Оюутолгой"-н орд нь 2014 онд "Эрдэнэт" үйлдвэрээс 30 хувиар илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоо гаргасан байна. Тус компани энэ оны хөрөнгө оруулалтын зардлыг 1.3 тэрбум ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2.6 тэрбум ам.доллар байхаар тооцсон байна.
О.САР