Нийслэл 500 хүүхдийг зусланд амраана

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Нийслэл 500 хүүхдийг зусланд амраана

Хотын даргын санаачилгаар нийслэлийн 9 дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 12 хүртэлх насны 500 хүүхдийг зусланд үнэгүй амраахаар боллоо. НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар өнөөдөр эхний ээлжийн 140 хүүхдэд зусланд үнэгүй амрах эрхийн бичгийг нь гардуулан өглөө. Эдгээр 500 хүүхдийг зусланд амраах зардлыг  Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж байгаа бөгөөд Сэлбэ, Ундраа, Нарс, Жавхлант, Янзага, Нарлаг гэсэн зургаан зуслангийн 2, 3 дугаар ээлжээс эхлэн амраах юм. Хүүхдийн дуу цангинасан энэ өдөр багачууд баяр хөөрөөр дүүрэн байлаа. Хүүхдийн ордон баярласан, талархсан багачуудын хөлд дарагдаж, зусланд амрах, юу бэлдэх гээд ам хуурайгүй хоорондоо шулганах хүүхдүүдийн нар ийнхүү гарлаа. Хотын удирдлагууд хүүхдүүдэд зүгээр нэг амраах эрхийн бичиг өгөх бус, урьдчилан зуслангийн дарга нартай уулзаж, тэднийг ая тухтай амраах үүднээс зуслангуудаар явж, ажил байдалтай нь танилцсан байна. Удирдлагуудад хүүхдүүдийн ая тухтай амраахаас гадна эрүүл мэндэд нь онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Орлого багатай өрхийн хүүхэд багачуулаа жил бүр хүүхдийн зусланд амраах бодлого баримтлан, цаашид энэ ажлыг уламжлал болгоно гэдгээ хотын дарга энд хэлсэн үгэндээ онцлоод нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж