Өмнөд Солонгос Аргентины эсрэг тоглох гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос Аргентины эсрэг тоглох гэж байна

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 19.30-аас Йоханнесбург хотод “Б” группт байгаа  Өмнөд Солонгосын баг Аргентины багийн эсрэг тоглохоор зэхэж байна. Өнгөрсөн бямба гаригт Грекийн багийг ялсан Өмнөд Солонгосын баг хэдийн гурван оноо халаасандаа хийгээд байгаа бөгөөд энэ нь Латин Америкийн багийг хожсон ч хожигдсон ч Өмнөд Солонгос дараагийн раундын 16 багт шигшиж үлдэхэд сайнаар нөлөөлөх болно.

Аргентин Өмнөд Солонгосыг бодвол илүү хатуу самар. Эдний багт Лионел Месси, Карлос Тевез, Гонзало Хигуайн гэх мэт дэлхийн хэмжээний одууд байгаа бөгөөд Өмнөд Солонгосын баг ФИФА-д чансаагаараа 47-д бичигдэж байгаа бол Аргентиний баг чансаагаараа 7-д бичигддэг. Багуудыг харьцуулсан статистикаас үзвэл Аргентин дамжуулалтын чанар, оноогоороо Өмнөд Солонгосоос хамаагүй илүү байна.

Грекийн эсрэг тоглохдоо Өмнөд Солонгосын хөл бөмбөгчид 499 дамжуулалт хийсний 333-ийг нь амжилттай дуусгаж 66.7 хувийн чанартай дамжуулалт хийсэн. Харин Аргентин Нигерийн эсрэг тоглохдоо 597 дамжуулалт хийсний 446-г нь амжилттай дуусгаж 74.71 хувийн чанартай дамжуулалт хийсэн. Өмнөд Солонгосын тоглогчид ганцаарчилсан доволгоо 11 хийсэн бол Аргентин ганцаарчилсан довтолгоо 25 хийсэн. Аргентины тоглогчид мөн илүү хурдан байсан бөгөөд тоглогчдын дээд хурд нь 30.93 км/цаг байсан бол Өмнөд Солонгосын тоглогчдийн дээд хурд 27.09 км/цаг байсан байна. Чухамдаа ийм статистикийн тоо баримт байгаа учраас хэвлэлийн бага хурлын үеэр Өмнөд Солонгосын багийн талаар асуух үед Аргентины тоглогчид инээд алдаж байсан бололтой.

Гэхдээ Өмнөд Солонгосын тамирчдад нэг давуу тал бий нь уушигны тэсвэр. Өмнөд Солонгосын тоглогчид Грекийн эсрэг тоглохдоо нийтдээ 108.831 км гүйсэн бол Аргентиний тоглогчид 95.654 км гүйсэн байна. Бөмбөггүй тоглогчид нь мөн адил. Бөмбөг аваагүй Солонгосын тоглогч 45.654 км гүйсэн бол Аргентины бөмбөггүй тоглогч 34.687 км гүйсэн байна. үүнээс үзвэл Солонгосын тоглогчид Аргентины тоглогчдийг шахаж, хааж, сөрөг довтолгоо хийх чадвар өндөртэй байна. Өмнөд Солонгосын “KBS” сувгийн тайлбарлагч, Сежонг Их сургуулийн профессор Лий Ёонг Со “Солонгосын тоглогчид Аргентинчуудыг ямагт шахаж, гүйж, зай, цагаар хавчих хэрэгтэй. Хэрвээ Өмнөд Солонгосын хоёр юм уу гурван тоглогч өөрийг нь байнга шахаж тоглох юм бол Месси байлаа ч их зүйл хийж чадахгүй” гэж зөвлөж байна. Аргентины хэвлэл мэдээллийнхэн Солонгосын багтай сайн тоглох талаар анхааруулж байгаа бөгөөд өдөр тутам гардаг “La Capital” сонинд Аргентинчууд Өмнөд Солонгосын “гурван уушигтай” тоглогчдын эсрэг бэлтгэл сайтай оролцох хэрэгтэй. Өмнөд Солонгосын тамирчид Нигерүүдээс илүү осолтой байж магадгүй гэж анхааруулсан байна гэж Өмнөд Солонгосын Чосун Илбо агентлаг мэдээлж байна.

Өмнөд Солонгос-Аргентины хөлбөмбөгийн багуудын тоглолт хэдхэн цагийн дараа 19 цаг 30 минутаас эхлэх болно.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж