&#34Б.Мөнгөнзул медалийн буухиаг үргэлжлүүллээ&#34

Хуучирсан мэдээ: 2014.01.01-нд нийтлэгдсэн

&#34Б.Мөнгөнзул медалийн буухиаг үргэлжлүүллээ&#34

Өнгөрч буй онд спортын салбарт олон амжилтууд тохиолоо. Тэрэн дунд оюуны спортынхон маань дэлхийн хэмжээнд өндөрт амжилтыг гаргаж ирсэн.

Өнгөрсөн сарын сүүлээр АНЭУ-д болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан. Тус тэмцээнд дэлхийн 120 орны 1800 орчим тамирчид зургаан насны 12 ангилалд өрсөлдсөнөөс Монгол улсаас 39 тамирчин оролцож, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар X байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.

2013 оны ДАШТ-ээс охидын найман насанд Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин Бат-Эрдэнийн Мөнгөнзул мөнгөн медаль хүртсэн юм. Манай улсаас өсвөрийн шатарчдын ДАШТ-нээс ОУМ Б.Мөнгөнтуул 2001 онд хүрэл, 2005 онд
мөнгө, ФМЭ Д.Номин-Эрдэнэ 2010 онд алтан медаль, ОУМЭ А.Энхтуул 2011 онд
хүрэл медаль хүртсэн бол Б.Мөнгөнзул 2013 онд мөнгөн медаль хүртсэнээр медалийн буухиаг үргэлжлүүлж байна.

Ингээд Б.Мөнгөнзулын багш 2010 оны улсын аварга, ОУМ Намхайн Баттулгатай цөөн хором ярилцлаа.

-Б.Мөнгөнзул “Хангарьд” клубт хичээллээд хэр удаж байгаа вэ?

-Б.Мөнгөнзулын хувьд Орхон аймгийн 14-р сургуулийн 3-р ангид суралцдаг. “Хангарьд” клубт 7 настайдаа ирж байсан. Түүний хувьд тус клубт хичээллээд жил гаран болж байна.

-Дэлхийн аваргийн тоглолтын тухайд?

-Ер нь бол тоглолтын өргийг интернетээр үзэж байсан. Эхний өрөгт ялагдсан ч цааш ялагдал аваагүй. Харин 9-р өрөгт Хятад, 10-р өрөгт ОХУ-ын тамирчидтай тоглож тэнцээ хийсэн. Түүний хувьд уг өргүүдэд хожих магадлал өндөр байсан. Маш их ядарсан нь харагдсан. Ер нь тэгээд бага насны хүүхэд 3-4 цаг тасралтгүй тоглоно гэдэг бол хэцүү. Оюуны спорт өөрөө их тэвчээрийг шаарддаг. Хамгийн бага насанд тоглож байгаа түүний хувьд их ядарсан. Сүүлийн 11-р өрөгт Энэтхэгийн тамирчинтай оноолт таарсан бөгөөд хожсоноор найман хожил, 2 тэнцээ, нэг хожигдолтойгоор найман оноотой мөнгөн медаль хүртсэн.
 
-Б.Мөнгөнзулын насанд Канад охин түрүүлсэн. Гэтэл уг охинд эхний тойрогт хожигдсон байдаг. Энэ өргийн талаар?

-Охидын найман насанд Канадын тамирчин маш сайн тоглож түрүүлсэн байгаа. Б.Мөнгөнзулын хувьд эхний өрөгт уг охинтой таарч тоглоод хожигдсон. Эхний өргийг хараахан үзэж амжаагүй болохоор дүгнэлт хийхэд хэцүү байна. Канад охины тухайд 11 өргөөс 9 хожиж, 2 хожигдсон амжилтаар түрүүлсэн. Түүний хувьд 4, 6-р өргүүдэд Энэтхэг, ОХУ-ын тамирчид хожигдсон ч 10-р өрөгт Азарбейжаныг хожиж, медальд хүрч цаашлаад алт авсан.

2013 оны охидын найман настаны ДАШТ-ий медальтнууд. АНЭУ, Аль Айн хот, 2013.12.29

-ДАШТ-нд оролцохын өмнө үзүүлсэн амжилт гэвэл? 

-Б.Мөнгөнзул өнгөрсөн 2013 онд улсын аварга шалгаруулах тэмцээн мөнгөн медаль хүртсэн байгаа. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Тиймээс шавийгаа дэлхийн аваргад нилээд сайн оролцож чадна гэдэгт эргэлзэхгүй байсан. Тэр дэлхийн аваргад маш сайн тоглож мөнгөн медаль хүртлээ.
 
-“Хангарьд” клубын хувьд тус дэлхийн аваргад хичнээн тамирчин оролцсон бэ?

-Энэ удаагийн өсвөрийн дэлхийн аваргад “Хангарьд” клубээс Б.Мөнгөнзулаас өөр тамирчин яваагүй. Охидын найман насанд 117 тамирчид оролцсоноос монголчууд нэг мөнгөн медаль, VIII байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. Уг насанд Багануур дүүргээс оролцсон Ганганбарсын Маралгуа долоон хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтойгоор VIII байрт шалгарсан. Г.Маралгуагийн хувьд 2012 оны сурагчдын ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд өнгөрсөн оны улсын аварга тамирчин юм. Тэгэхээр манай өсвөрийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн буухиаг таслаагүйд, тэр дунд “Хангарьд” клубийн тамирчин улсынхаа нэрийг гаргаж чадсан нь шинэ он гарахын өмнө бидэнд маш том урам зориг өглөө. Манай клубээс урьд нь сонирхогчдын ДАШТ-ээс Б.Янжинлхам алтан медаль хүртэж байсан.

-Энэ сард та бүхнийг дотоодын олон тэмцээн хүлээж байна.

-Тиймээ ирэх бямба гаригт “Цодгор хүү 2014” өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн түүний дараа өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн биднийг хүлээж байна даа.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж