Өнөөдрөөс зургаан хууль хэрэгжиж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.01-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс зургаан хууль хэрэгжиж эхэлнэ

Оны эхнээс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх зургаан хууль байгаа аж.

Үүнд, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь үнэт цаасны зах зээл сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг хуульчилсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Тахарын албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулиуд багтаж буй аж.

Эдгээр хуулиудын талаар товч танилцуулбал, Хаалттай компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой болгож, Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэж өртөг өндөртэй IPO буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааны олон төвөгтэй үйл ажиллагааг дамжихгүйгээр шууд өөрсдийн компанийн бонд, эсхүл хадгаламжийн сертификатыг гаргаж гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоотой болгох зохицуулалттай Үнэт цаасны зах зээлийн тухай хууль.

“Мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх хөрөнгө оруулалтын сан нь төрлийн хувьд хамтын болон хувийн хэлбэртэй байна. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийтээс санд мөнгөн хөрөнгийн хуримтлалыг төвлөрүүлэн үнэт цаасны зохицуулалттай зах зээлд чөлөөтэй арилжаалагддаг хөрвөх чадвар өндөр санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх бөгөөд үйл ажиллагаа нь төрийн байнгын зохицуулалт, хяналтад байх, мэдээллээ нийтэд буюу нийт гишүүдэд нээлттэй байлгах зарчимд тулгуурлан үйл ажиллагаа эрхлэх юм. Харин хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухайд гишүүд нь зөвшөөрсөн нөхцөлд заавал чөлөөтэй арилжаалагдах санхүүгийн хэрэгслээс гадна хаалттай компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эрсдэл өндөр, хөрвөх чадвар харьцангуй хязгаарлагдмал санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд эрсдлээ өөрийн хөрөнгөөр бүрэн хүлээхээр зохицуулагдсан” Хөрөнгө оруулалтын сангийн тухай.

Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцааг авах, төлбөрийн чадваргүйн улмаас эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлснээр шударга шүүхээр шүүлгэх эрх нь хангагдах ач холбогдол бүхий Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль.

Гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх нэгдсэн тогтолцоо бүрдэж, гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, үнэн зөв явагдах нөхцөл бий болох, гэрч, хохирогчийн эрхийг хангах зорилготой Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан Тахарын албаны тухай.

Цагдаагийн байгууллагыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй хууль сахиулах байгууллага гэж тодорхойлсон. Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиг үүрэгт нь нийцүүлж шинэчлэн зохицуулсан Цагдаагийн албаны тухай хууль байгаа аж.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж