Цаг агаар шигээ дулаахан уур амьсгал талбай руу дөхөх үеэс л мэдрэгдэнэ. Хүн бүрийн царайд баярын мишээл тодорч, инээсэн, хөгжилдсөн залуус хэсэг хэсгээрээ хаа сайгүй. Улаа бутарсан царайтай багачуудаа дагуулсан гэр бүлийнхэн, энд тэнд гялтгасан гэрэл чимэглэл өвөрмөц нэгнийг занган ярих хүүхдүүд ч цөөнгүй. Цугласан олныг дулаацуулах зориулалттай өнгөөр будсан төмөр торхнуудад гал асчээ. Мэдээж гал ассан бол хүмүүс тойрон зогсох нь ойлгомжтой. Учиргүй даараад байх хүйтэн биш байсан ч торхондоо багтаж ядан дүрэлзэх гал өөртөө олон хүнийг цуглуулжээ. Галын гэрэлд инээж баясах царайнууд тодорч харагдана.
Цагдаагийн, онцгой албаны ажилчид бэлэн байдалтай зогсоно. Талбай даяар нүүргэлэх хөгжим, урлагынхны тайзны араар техникийнхэн ч мөн ажилцгаана.
Талбайн хажуу талаар дүүргүүдийн нэртэй асарууд эгнэжээ. Тэнд бялуу, халуун чацаргана, ундаа, бас бус идчих зүйлсийг худалдана. Хэд алхаад л нэг өвлийн өвгөнтэй тааралдана. Бодвол зурагчдын сэтгэсэн бизнес бололтой. Хүүхдүүдтэй зургаа авахуулахаар ирсэн чихмэл амьтад ч иржээ.
Харанхуй залгахаас урьтаж бяцхан жаалуудад зориулсан машинууд ч үйлчлүүлчдэд шуурхай гэгч нь үйлчилж байлаа. Харин харанхуй болохтой зэрэгцэн багачуудад зориулсан гэрлэн тоглоомнууд зарагдаж эхлэв.
Тайзнаа дуучин A Cool, реппер Дөлгөөн, “Люмино”, “А Sound”, “Compass”, “Rec On”, “Colors”, “UFO”, “The Lemons”, Т.Ариунаа нар ээлж дараалан гарч ирцгээнэ. Бүжиж, цэнгэж буй үзэгчдийн голд телевизийн нэвтрүүлэгчид хөтлөлт хийж талбайг зорин ирсэн иргэдийн сэтгэлийг үгийг орон даяар дамжуулна. Тоглолтыг телевизийн зураглаачдаас гадна бараг хүн бүр утсаараа бичих аж.
Залуухан “санта”-нуудын бөмбөртэй жагсаал, хотын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар мэндчилгээ, мөн өвлийн өвгөнийг залсан машин талбайд орж ирнэ. Ингээд он солигдох мөчийг хамтдаа тоолж, эцэст нь тэнгэрт ёслолын салют цацарна. Тэнгэрт цацарсан гэрэл талбайн өнгийг өөрчилж, хүмүүс уулга алдана. Салют тэнгэрт харвасаар л. Иргэд тарахыг нэг их яарахгүй бололтой. Талбай дүүрэн хэвээр. Цаг агаарын дулаан, цугласан олны халуун уур амьсгал нэмэгдсэн нэгэн шөнө ийнхүү үргэлжиллээ. 2013 он баяртай, 2014 он минь сайн байна уу..