ӨМӨЗО-ны төлөөлөгчид айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

ӨМӨЗО-ны төлөөлөгчид айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын Парламентын бүлгийн дарга Г.Батхүүгийн урилгаар  БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга ноён Ху Чуньхуа тэргүүтэй төлөөлөгчид  манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Өглөө 10 цаг өнгөрөөгөөд “СА 901” аяллын нислэгээр  Монгол Улсад хүрэлцэн ирж, “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан ноён Ху Чуньхуа тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дэд дарга, ноён Г.Батхүү Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд  өнөөдөр /2010.06.17./ үд дунд хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын  Парламентын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа,  УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Д.Одбаяр нар байлцав. УИХ-ын дэд дарга Г.Батхүү,   ноён  Ху Чуньхуа болон дагалдан яваа төлөөлөгчдийг  Монгол оронд тавтай сайхан зочлохыг хүсээд, өндөр хүндтэй албанд томилогдсоныхоо дараах анхны гадаад айлчлалаа  Монгол Улсаас эхэлж байгаад  нь  ноён Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргад талархал илэрхийлж, энэ нь Монгол Улсыг чухалчлан үзэж байгаагийн илрэл хэмээж байв.  БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга ноён Ху Чуньхуа хэлэхдээ, танай сайхан оронд Эрхэм УИХ-ын дэд дарга Г.Батхүү Таны урилгаар зочилж, албан ёсны айлчлал хийж байгаа нь завшаантай, таатай үйл явдал  хэмээн онцлоод, дагалдан яваа төлөөлөгчдөө товч танилцуулсан. Ноён Ху Чуньхуаг дагалдан ӨМӨЗО-ны Хөгжилт өөрчлөлтийн хорооны дарга, эдийн засаг, мэдээллийн хорооны дарга, боловсрол, соёлын тэнхмийн хорооны дарга, Хөлөнбуйр хотын намын хорооны дарга, Эрээн хотын намын хорооны дарга гэхчлэн хариуцлагатай албаны хүмүүс, бизнесийн томоохон төлөөлөгчид ирсэн юм байна. Тухайлбал, ямааны ноолуур боловсруулах үйлдвэрийн дарга, эрчим хүч, хөдөө аж ахуй,  бордооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн газрын дарга, монголчуудын сайн мэдэх “Или” сүүний үйлдвэрлэлийн  корпорацийн захирал зэрэг БНХАУ-д  дээгүүрт тооцогдох аж ахуйн нэгжийн төлөөллүүд   ноён Ху Чуньхуагийн айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ. Удаан жилийн түүхэн найрсаг харилцаатай Монгол Улсад айлчлан, албан ёсны уулзалт хийж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ноён Ху Чуньхуа илэрхийлж, өөрийн айлчлалын зорилгоо танилцууллаа. Тэрээр хоёр тал харилцан ойлголцож, итгэлцлээ бэхжүүлэхэд уг айлчлалыг чухал үүрэгтэй хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд болон төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарт түлхүү анхаарал тавьж буйгаа тэмдэглэн хэлэв.   

  БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд ноён Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн саяхны  албан ёсны айлчлал зэрэг   хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглсэн өндөр дээд хэмжээний удаа дараагийн айлчлалын үр дүнг дэмжиж ажиллахаа тэрээр уулзалтын үеэр илэрхийлж, хоёр улсын эдийн засгийн хөгжлийн  шинэ боломжийг бүрэн дүүрэн,  харилцан ашигтай байдлаар ашиглахын төлөө бид хамтран ажиллах нь зүйтэй юм гэлээ.  УИХ-ын дэд дарга, ноён Г.Батхүү хэлэхдээ, хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтой хэмээн онцолсон.

   Тэрээр Монгол Улс БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг бөгөөд үүний 8 нь ӨМӨЗО-ны боомт байдаг талаар дурдаж, тэр дундаа Эрээний боомт хот нь нэлээд чухалд тооцогддог тухай ярьж байв. Цаашид хоёр орны хооронд боомтуудын хөгжлийн асуудал, дэд бүтэц зэрэг нь анхаарал татаж байгааг хэллээ.  Мөн Монгол Улс ӨМӨЗО-той мал аж ахуй, газар тариалангийн чиглэлд хамтран ажиллах бодолтой буйгаа УИХ-ын дэд дарга илэрхийлэв. Мал, махны чиглэлээрх болон түүний хорио цээрийн асуудлыг ч УИХ-ын дэд дарга уулзалтын үеэр хөндсөн юм. Байгаль орчны асуудлууд, түүний дотор цөлжилтийн эсрэг тэмцэх, бэлчээр ашиглалтын талаар ч УИХ-ын дэд дарга Г.Батхүү санал бодлоо хэллээ.

    Уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан, нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбарыг хөгжүүлэхэд УИХ анхаарч байгааг тэрээр дурдаад, Таван толгойн асуудлаар баримталж буй Монголын төрийн бодлогын талаар танилцууллаа.    Сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэл,  харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрхэм ноён Ху Чуньхуагийн энэ айлчлал чухал түлхэц үзүүлж байгааг УИХ-ын дэд дарга Г.Батхүү уулзалтын үеэр онцолж байв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж