Шилдэг Инноцваци нэвтрүүлэгч компаниар шалгарлаа
Эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч Монос групп МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ENTREPRENEUR-2013” оны Онцлох арван аж ахуйн нэгжээр 10 дахь удаагаа шалггарч мөнгөн меркури, Шилдэг “Инноцваци нэвтрүүлэгч”-ээр шалгарч хүрэл меркури цомуудыг гардан авлаа.
Монос групп нь эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, судалгаа шинжилгээ, боловсрол, барилгын салбарыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын тэргүүлэгч компани юм.
Тус групп нь өнгөрсөн онд олон улсын GMP стандартын шаардлагад нийцсэн эмийн үйлдвэр барьж байгуулах төслийг хэрэгжүүлж төслийн эхний шат болох цогцолбор барилгуудыг барьсан, Монос Хүнс компани байгалийн гаралтай органик хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргасан, Монос Улаанбаатар компанийн фарм маркетууд Шилдэг жижиглэнгийн сүлжээгээр шалгарсан, Монос Констракшн компани Мишээл хотхоныг ашиглалтанд өгч ажилчдаа орон сууцаар хангаж эхэлсэн, 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон зэрэг улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан, бизнесийн цар хүрээгээ тэлсэн, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн олон бүтээлч ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ.
Монголчуудаа чанартай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангадаг Монос группын дэргэдэх Эм судлалын хүрээлэн нь 40 гаруй эрдэмтэдтэй, жилдээ 10 гаруй шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг бөгөөд дээр дурьдсан GMP стандартын эмийн үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол хүний оюун ухаанаар бүтээгдсэн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд гаргах боломжтой болох юм байна.
Түүнчлэн энэ онд Монос групп нь үйл ажиллагаандаа орчин үеийн бизнесийн байгууллагын автоматжуулалт, нөөц төлөвлөлтийн ERP системийг нэвтрүүлэх ажлыг амжилттай эхлүүлсэн бөгөөд энэхүү системийг тус группийн дэргэдэх Мэдээлэл Технологийн газрын харьяа ERP төслийн баг хамт олон хийж гүйцэтгэжээ.
Монгол улсын нийт хүн амын эрүүл мэнд, сайн сайхны төлөө 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монос Групп нь эдүгээ 15 охин компанитай, 1000 гаруй ажилтан албан хаагчид, өндөр түвшний мэргэшсэн баг хамт олонтой, салбартаа тэргүүлэгч томоохон групп компани юм.