АТГ-ын дарга нарыг солих талаар яриа гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарыг солих талаар яриа гарч эхэллээ

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг ойрын хугацаанд албан тушаалаас  чөлөөлөхөөр зэхэж байгаа талаар яригдаж эхэллээ. Д.Дорлигжавыг Ерөнхий прокурорын албанд томилох болсоны дараахан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж магадгүй хүмүүсийн тоонд ороод байсан Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмааг Д.Сундуйсүрэнгийн оронд томилохоор болсон гэж эх сурвалж хэллээ. Энэ нь Ерөнхийлөгчийн санал байж болзошгүй аж. Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн түүнийг энэ албыг хашиж чадахуйц хүн гэж дүгнэсэн бололтой.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж он гарсаар Ерөнхий прокурор асан М.Алтанхуяг, Дээд Шүүхийн дарга, АТГ-ын дарга гуравт албан бичиг илгээж ажлаа тайлагнахыг шаардаж, багагүй шүүмжилсний эцэст ерөнхий прокурорыг өөрчилсөн юм. Харин энэ удаад тэрбээр АТГ-ын удирдлагыг өөрчлөхөөр шийдсэн бололтой. Гэхдээ АТГ-ын даргыг УИХ-аас томилох учраас хаврын чуулганд багтаан асуудлыг оруулах нь тодорхой болжээ. Харин АТГ-ын даргад одоогоор тогтсон нэр байхгүй бөгөөд МАХН-ын хүн тавигдах нь ойлгомжтой юм. Энэ талаарх мэдээллийн талаар албаны хүмүүс тайлбар өгөхөөс татгалзаж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж