Уншигч, харилцагчдадаа шинэ оны мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

Уншигч, харилцагчдадаа шинэ оны мэнд хүргэе

Мэдээллийн www.news.mn сайтын эрхэм уншигч, үнэнч хэрэглэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

Бид зургаа дахь жилдээ уншигчдадаа мэдээлэл түгээж, зургаан шинэ оныг хамтдаа угтжээ.  

Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжилтэй уялдан хүмүүсийн мэдээлэл хүлээн авах, түгээх, тэр битгий хэл энгийн харилцаа холбоо хүртэл “виртуаль ертөнц”-өд өрнөдөг болжээ. Энэхүү үл үзэгдэм ертөнц дэх өрсөлдөөн цагаар биш минутаар хэмжигдэж байна. Энэ өрсөлдөөнөөс хоцрохгүй байх шаардлага өдөр бүр бидний өмнө тулгардаг. Мэдээллээ хурдтай, үнэн бодитой, тэнцвэртэй, олон ургальч, иргэний байр суурьтай хүргэх сэтгүүл зүйн хэм хэмжээг зорилгоо болгон ажилладаг www.news.mn сайт өнөөдөр өөрсдийн гэж “өмчилж” болох үнэнч уншигч, тогтмол хэрэглэгчидтэй болсон нь бидний хамгийн эрхэм бахархал юм.

Уншигчдын хандалт, редакцийн бодлого, сэтгүүлчдийн чадвар гээд олон шүүлт шалгуурыг давж, “Монголын мэдээллийн тэргүүлэгч сайт” гэх үнэлэмжийг мэргэжлийн байгууллагуудаас хүртсээр ирсэн нь үнэнч уншигч, харилцагч таны бидний ажлыг дэмжиж ирсний үр дүн юм.
 
Манай сайт бүхий л насны, өөр өөр ажил мэргэжилтэй бүх хүнд мэдээллээ хүргэхийг зорьдог. Энэ зорилгынхоо төлөө бид хэзээ ямагт шинийг эрэлхийлэгч байлаа. Ирэх 2014 онд ч бид уншигч, харилцагч танаа шинэ, шинэ хуудсаа нээх болно. Энтертайнмент контент, парламентын төрөлжсөн сайтыг шинэчлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.

Дөрвөн зүг, найман зовхисоос бидэнтэй холбогдож, мэдээллийн нэгэн урсгалд нэгдэж байдаг нийт уншигч, харилцагчдадаа дахин талархал илэрхийлж, ирж буй шинэ онд юу санасан есөн хүсэл тань биелэх болтугай гэж ерөөе.

Шинэ оноо сайхан угтаарай.

NEWS Агентлаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж