Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

Лидерүүд ба “Next Stop”

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/-ноос 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Next Stop” наадам өчигдөр болж, “Улс төр, нийгэм”, “Эдийн засаг, бизнес”-ийн “Оны залуус” тодорлоо.

Олон нийтийн санал асуулга,  “Залуу удирдагч сан”-гийн гишүүд,  “Next Stop”-ын шилдгүүд, МЗХ-ны Удирдлагын багийн гэхчлэн дөрвөн багийн санал, шалгуураар энэ жилийн “Улс төр, нийгэм”-ийн салбарын “Онцлох хүн”-ээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, “Эдийн засаг, бизнес”-ийн салбарын “Оны залуу”-гаар “Вульф Петролеум Лимитед"-ийн Ерөнхийлөгч Т.Лхагвадорж нар тодорлоо.

Ц.Оюундарь “Next Stop”-ийн 21 жилийн түүхэнд шилдгээр шалгарсан гурав дахь улстөрч эмэгтэй болж байна. УИХ-ын, Ерөнхийлөгчийн гээд хоёр том сонгуульд намаа ялуулахад бодлогыг хэн зангидаж буй нь онцгой нөлөөтэй. Энэ үүрэгт ажлыг, улс төрийн өндөр албыг нэр төртэй хашиж байгаагийн учир Ардчилсан намын нөлөө бүхий удирдагч бүсгүй Оны онцлох улстөрчөөр тодорсон нь гарцаагүй. Ямартай ч тэр Л.Гантөмөр, С.Бямбацогт нарын УИХ-ын гишүүдийн арми, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нарын шижигнэсэн залуусыг ардаа орхин, “Next Stop” наадмыг өнгөллөө.

“Эдийн засаг, бизнес”-ийн салбарын оны хүмүүсийг нэрлэх нь шалгаруулагчдын хувьд хүнд даваа мэт санагдсан. Монголын шилдэг бизнесмэнүүд улам бүр чадваржиж, улам бүр залуужиж буйг “Next Stop” наадмын нэр дэвшигчдээс харж болно.  Хэвлэл мэдээллийн салбарт хамгийн амжилттай менежмент хийж буй “Монгол масс медиа” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд, “Худалдаа Хөгжлийн Банк”-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон нарын лидер залуус эдийн засаг, бизнесийн салбарыг төлөөлөн өрсөлдсөн нь “Next Stop”-ын үнэ цэнэ, нэр хүндийн нэг илрэл юм.

Нөгөөтэйгүүр “Next Stop” яагаад чухал вэ гэдгийг дараах мэдээллээс хялбархан дүгнэж болно.

1992 оны анхны “Next Stop” наадмын нийгэм улс төрийн салбарын “Оны залуу”-гаар өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Эдийн засаг бизнесийн”-ийн салбарын “Оны залуу”–гаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар шалгарч байжээ. Энэ үеэс хойш тус наадмаас  тодруулсан 28 залуу удирдагчийг өдгөө эргэн харахад, Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд тав, Сайд 15, УИХ-ын гишүүн 18, Монголбанкны Ерөнхийлөгч хоёр төрсөн байна. Тиймээс л “Next Stop”-ыг удирдагчдыг бэлтгэдэг хэмээдэг биз ээ.

Б.ЭНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж