Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.12.29-нд нийтлэгдсэн

Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн
ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 бөхийн
барилдаан өндөрлөлөө. 

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр,
Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр,
Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ө.Бат-Орших,
А.Цацабшир, Н.Батсуурь нараар магнайлуулсан хүчит 128 бөх барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Нью прогресс" группийн
бөх, улсын начин Б.Пүрэвсайхан долоо даван түрүүлж, Ерөнхийлөгчийн
нэрэмжит цомыг гардсан бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Таванхан"
дэвжээ, "Мондэй" компани, "Ноёд" группийн бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр
үзүүрлэлээ. Харин их шөвөгт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат,
"Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Энержи ресурс" компаний бөх, улсын арслан
Х.Мөнхбаатар, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, "Дүнжингарав" дэвжээний
бөх, улсын заан Б.Батмөнх нар шалгаран үлдлээ.

Барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын
гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын хүндэт зочид үзэж сонирхсон юм.

Cонирхуулахад, Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100
жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас дурсгалын зоосон мөнгө гаргасан бөгөөд цөөн тоогоор Англи улсад үйлдвэрлүүлсэн мөнгөн зоосны дээжийг монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102
жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шигшмэл
128 бөхийн барилдаанд оролцсон хүчит бөхчүүдийн шагналд дагалдуулан гардуулжээ.

Зоосон мөнгөний нүүрэн талд англи, монголоор  “Монгол, Тусгаар тогтнолоо
сэргээн мандуулсны 100 жилийн ой, 1911-2011 он” хэмээн бичсэн бол монгол
бичгээр “Монгол, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн
ой. Олуулаа болцгооё. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж" хэмээн бичсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж