Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг манлайлагч, Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулсан хөшөөний шав тавих ёслол Тусгаар тогтнолын талбайд болов. Ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.
Уг ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ
“Эрхэм хүндэт төрийн түшээд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Хурлын дарга, Засаг дарга нар аа,
Монголчууд аа,
Та бүхэндээ Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Олноо Эрх чөлөөний талбай, Ялалтын талбай хэмээн өргөмжлөгдсөн энэ талбайд монголчууд бид 24 жилийн өмнө идэр есийн жавар тачигнасан өдрүүдэд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөө жагсч байсан бол өнөөдөр 100 гаруй жилийн тэртээх бидний өвөг дээдсийн суу ухаан, баатарлаг тэмцлийн үрээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн үйл явдалд зориулсан хөшөөний шав тавихаар энэ талбайдаа хуран цуглаад байна.
Энэ бол Монголын ард түмнээс, төрөөс монгол үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлаа эрхэмлэн дээдэлж байдгийн нэг илрэл юм.
Өнөөдрөөс 102 жилийн тэртээ, цагаагчин гахай жилийн энэ өдөр бидний өвөг дээдэс үндэсний эрх ашгаа дээдлэн, уламжлалт бодлого, өөрийн газар нутгийнхаа төлөө эвийн хүчийг барин нэгдэж, төр улсаа сэргээн байгуулж, даяар олноо зарлан тунхаглаж байсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн үндэсний эрх чөлөөний хувьсгалын ач холбогдолыг дүгнэж, Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганы индрээс 2011 онд хэлэхдээ “Цар хүрээгээрээ ч, ач холбогдлоороо ч, өнө мөнхийн шинж чанараараа ч үеийн үед бахархан дурсагдах үнэхээр хосгүй түүхэн үйл явдал” хэмээн онцлон тэмдэглэсэн билээ.
Монголчууд бидэнд мандан бадарч, дэлхийн дэг журмыг тогтоож явсан зуун зууны бахархалт түүх бий. Бас өөрсдийн болон өрөөлийн буруу бодлогоос болж уруудаж, доройтож явсан түүх ч бий. Тэр бараан цагийн хоёр зууны зовлонг дуусгаж, мандан бадрахын нар гийсэн өдөр бол яах аргагүй 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөн. Бидний эрэлхэг өвөг дээдэс эв эеийг эрхэмлэн, тухайн үед нийтэд хүлээн зөвшөрөгдсөн, амьд бурхан мэт хүндлэгдсэн бурхны шашны тэргүүн Богдыгоо тойрон хүрээлж, зуу гаруйхан жилийн тэртээ төр улсаа төвшитгөж чаджээ, Энэ ямар их сийрэг ухаан байв аа. Монгол үндсээ аврах ухаан, Монголын гал голомт, төр улсаа сэргээх их ухаан байв. Тэр үед Монголд амьдарч байсан гадаадынхан энэхүү түүхэн үйл явдлын тухай Монгол даяар газар сайгүй их баяр хөөрт умбаж, бурхан тэнгэртээ сүү цацлаа өргөж, мөргөж, залбирч байсан тухай зураглан бичиж үлдээсэн байдаг.
Тиймээ, энэ их түүхэн үйл явдлыг дурсч, үндэсний баатруудаа хүндэтгэн эрхэмлэж, үеийн үедээ улс үндсээрээ бахархаж, эв нэгдэл, үндэсний амин шалгуураа дээдэлж байх үүднээс 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлай болсон Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт болон алтан ургийн ноёд, төрийн зүтгэлтэн, түшээдээ, Монголын олон эрэлхэг хөвгүүдээ хүндэтгэн дурсгалын хөшөөний шав тавьж байна.
Тэрхүү түүхэн үйл явдлаас хойшхи Монголын сүүлийн зууны түүхэнд ч бахархах үйлс , бараан явдал бишгүй тохиолдож байсан. Түүхийн сайн нь ч, саар нь ч бидний багш. Их түүх, эх хэл, үндэсний соёлоо мэдэх, судлах тусам хүний ухааны мэлмий нээгдэж, эх орон, тусгаар тогнолынхоо үнэ цэнийг мэдрэх, хамгаалах, омогших, ихийг сурах, ихийг бүтээх, бие биенээ хайрлах, хүндэтгэх сэтгэл, хүмүүжилтэй болдог юм. Үүнийг монгол хүн бүр, хүүхэд залуус маань мэдэж байхын өлзийтэй ерөөл тавьж байна.
Холбоотой мэдээ