Сэтгүүлч болох хүсэлтэй залуусыг үзэсгэлэнд урьж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч болох хүсэлтэй залуусыг үзэсгэлэнд урьж байна

Зөвхөн сэтгүүлч мэргэжлийг сонгон суралцах сонирхолтой залууст  зориулсан сэтгүүл зүйн их, дээд сургууль, коллежийн үзэсгэлэнг 2010 оны зургадугаар сарын 18-19-нд Хэвлэлийн хүрээлэнгээс санаачлан өөрийн байранд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэнд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллеж, РТВДС, “Зохиомж”, “Их Монгол”, “Номун далай”, УЗНАДС зэрэг сургууль оролцож, өөр өөрийн онцлог, сургалтын арга технологи зэргийг танилцуулах ба тодорхой хуваарийн дагуу сургуулийн төлөөлөгчид мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Сэтгүүлзүйн сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг их, дээд сургууль, коллежийг дэмжихийн тулд өөрийн зорилтот бүлэгт нь шууд чиглэсэн энэ үзэсгэлэнг зохион байгуулахаар шийдсэн. Яагаад гэвэл өнөөдөр Улаанбаатар хотод сэтгүүл зүйн 18 орчим сургууль байгаа. Тэдгээрээс үзэсгэлэнд оролцож байгаа сургуулиудын талаар хангалттай мэдээллийг нэг дороос хүссэн хэмжээндээ авах, харьцуулж харах боломжийг ЕБС төгсөгчдөд олгож байгаа юм” гэлээ.

Харин “Өөрийн өрсөлдөгчдөө нэг дор цуглуулахаас эмээхгүй байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийн захирал Р.Оюунцэцэг “Сэтгүүлзүйн бусад сургуулийг  бид өрсөлдөгч гэж хэзээ ч харж байгаагүй. Учир нь, бидний сургалт, сургалтын технологи угаасаа өөр. Нөгөөтэйгүүр, өрсөлдөгч гэж үзвэл өрсөлдөгч сайн байх тусмаа бид өөрийн үйл ажиллагааг сайжруулахыг хичээнэ биз дээ. Бид бусад сургуультай аль болох ойр, туршлагаа хуваалцан хамтран ажиллах бодлого барьдаг” гэсэн юм.

Тус үзэсгэлэнгийн мэдээллийн ивээн тэтгэгчээр <http://bolovsrol.mn, http://dayar.mn> сайтууд ажиллаж байна. Үзэсгэлэнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утас, хаягаар лавлах боломжтой. Лавлах утас: 7011-3476, 9668-1114
И-мэйл: munkhuu@pressinst.org.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж