Уул уурхайнхан эрх зүйн орчноо тодорхой болгож байна

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхан эрх зүйн орчноо тодорхой болгож байна

Уул уурхайн яамнаас салбарын эрх зүйн орчин энэ жилээс тогтворжиж, ойлгомжтой болж байгаа талаар  оны онцлох үйл явдалдаа нэрлэсэн байна.  “Төрөөс эрдэс баялгийн талаар  2024 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг” болон Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинэчлэн батлах тухай сураг дуулдсан ч хэрэгжээгүй өдийг хүрсэн. Тэгвэл энэ жил эдгээр уул уурхайн салбарт чухал хууль эрх зүйн орчинг шинэчлэхээр УИХ-аар хэлэлцүүлж ахиц гарсан юм. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг боловсруулан УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна.

Түүнчлэн стратегийн бүтээгдэхүүн болох газрын тосны бүтээгдэхүүний импортын худалдаанд нэгдсэн бодлогыг баримтлах зорилгоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд, улмаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Газрын тосны боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг баталсан юм. Ийнхүү хууль эрх зүйн орчин тогтворжих боломж бүрдэж, ойлгомжтой болж ирж буй нь салбарын ашиг орлого, цар хүрээг нэмэгдүүлэх учиртайг албаныхан онцолж байна.


Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж