Завхан аймгийн Тэлмэн суманд 100МВт-ын Дулааны цахилгаан станц барих төслийн шинэчлэн төгөлдөржүүлсэн Концессийн гэрээнд шинэчлэлийн Засгийн газар ихээхэн тууштай байр суурь баримталж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “Шинэ Ази” группийн ерөнхий захирал Л.Төрбаяр нар өнгөрөгч зургадугаар сарын 28-нд гарын үсэг зурсан билээ.
УИХ-аас шинээр баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 01-ээс мөрдөгдөж эхэлснээр хөрөнгө оруулалтын орчин мэдэгдэхүйц сайжирч тодорхой өөрчлөлт, ахиц дэвшлийг бий болгож, татварын хувь хэмжээг тогтворжуулах, зарим салбарт импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөөлөх зэрэг эрх зүйн таатай орчин бий болгосон нь гадаадын хөрөнгө оруулагчид эргэн ирэхэд түлхэц болж байна.
Ийм хөрөнгө оруулалтын шинэ орчин дөнгөж нээгдээд буй энэ үед тус төслийг хэрэгжүүлэх Концессийн гэрээг дагалдан байгуулах төслийн гүйцэтгэлийн ажлын хүрээн дэх иж бүрэн зургаан гэрээний сүүлчийнх нь болох Хөрөнгө оруулалт санжүүжилтийн гэрээнд 2013 оны арванхоёрдугаар сарын 27-нд концесс эзэмшигч Шинэ Ази группийг төлөөлж Ерөнхий захирал Л.Төрбаяр, төслийн хөрөнгө оруулагч Хонгконгийн Сүмбэр метал холдинг (“Soumber Metal Holding (Asia)”) группийг төлөөлж дэд ерөнхийлөгч Жан Фэй нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Инновац төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат, мөн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С.Жавхланбаатар, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар нарын албаны хүмүүс байлцлаа.
Энэхүү санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар төслийн урьдчилсан бэлтгэл ажил бүрэн хангагдаж ирэх оны хавраас төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэн арван найман сарын дараа гэхэд станцыг ашиглалтад оруулах юм.