![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/12/6583f6b85f316aa2/bd624ba0cc3caafaoriginal.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн олонхи байсангүй, арай гэж л төсөл УИХ-ын босго давж хэлэлцэгдэх боломжтой болсон юм. Төсөлд алтанд ногдуулах татварыг 2.5 хувь байхаар заажээ. Алтанд ногдуулах татварын хэмжээг бууруулснаар Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ өснө гэж төсөл санаачлагчид үзэж байна. Алт тушаалт нэмэгдсэн нөхцөлд валютын нөөц бүрдүүлэх бололцоо өснө. Өөрөөр хэлбэл, валютын нөөц хангалттай бүрдсэн нөхцөлд долларын ханш өсөх үзэгдэл багасч тэр хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжих боломжтой болох юм. Нөгөө талдаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хамгаалах бололцоо ч бүрдэнэ.
Монгол Улс жилдээ 24 тонн алт олборлодог байсан ч УИХ-аас Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татварыг бий болгох төслийг баталснаар төв банкинд тушаагдах алтны хэмжээг эрс бууруулж байжээ. Хэдийгээр 2009 онд дээрх татварыг 0 болгосон ч онцын нөлөө үзүүлж чадаагүй аж. Энэ нь урд хөршид рояльтын татвар 2 хувь болсонтой холбоотой юм байна. Монгол Улсад өнөөдөр хэрэгжиж буй хуулиар алтанд ногдуулах рояльтын татвар 10 хувь бөгөөд урд хөршийнхтэй харьцуулахад дөрөв дахин өндөр байгаа юм. Тиймээс Монгол Улс алтанд ногдуулах рояльтын татварыг өмнөд хөршийнхтэй өрсөлдөхүйц хэмжээнд аваачаагүй нөхцөлд банкинд тушаагдах алтны хэмжээ өснө гэхэд бэрх аж.
Уул уурхайн салбарынхны тайлбараар Монгол Улс 2005 онд 24 тонн алт олборлосон нь тухайн үед рояльтын татвар 2.5 хувь байсантай холбоотой аж. Гэвч татварын хувь хэмжээг нэмэгдүүлж Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татвар ногдуулах болсноор алт олборлолт буурсаар 2012 онд зургаан тонн руу шилжжээ. Энэ нь зөвхөн алт олборлолттой холбоотой дүн мэдээ. Алт тушаалттай холбоотой статистик мэдээллийг сонирхвол зарим жил төв банкинд тушаагдах алтны хэмжээ хоёр тонн хүрэхтэй үгүйтэй болж байжээ. Олборлосон алтны хэмжээ хоёроос гурав дахин их атлаа төв банкинд тушаагдсан алтны хэмжээг мөн бууруулсан нь цаад агуулгаараа алтны далд худалдаа цэцэглэсэнтэй холбоотой аж.
Хэрвээ Монгол Улс алтанд ногдуулах татварын хэмжээгээ бууруулахгүй бол урд хөрш рүү нууцаар алт экспортлогдсоор байна гэсэн үг. Тиймээс УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэр хурдан баталж чадахаас хамаарч Монгол Улс баялгаа хамгаалах дархлаа сууна гэсэн үг.
Уг нь Засгийн газар өмнө нь дээрх хуулийн төсөлтэй агуулга нэг Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж парламентын төвшинд хэлэлцүүлэг эхэлж байсан ч “Төслийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзэж төрхөмд нь буцаасан удаатай.
Засгийн газар ажлаа хийхийн тулд УИХ-аас зөвшөөрөл авч хууль дүрмийн дагуу явъя гэхээр УИХ чөдөр болж зогсдогийн лай энэ ч гэж хэлж болох болов уу.
Валютын ханш тогтворгүй байна, бараа, бүтээгдэхүүний үнэ өслөө, төгрөгийн ханш суларлаа, Засгийн газар ажлаа хийгээч ээ гэж цаг үргэлжилж шүүмжилдэг цөөнхийн хувьд одоо л жинхэнэ ард түмэндээ хайртай эсэхээ энэхүү төсөл дээр харуулах болж байна. Мөн УИХ зөвхөн сайд огцруулах асуудалд нухацтай хандах бус хэлэлцэж байгаа хуулийн төсөл бүрт ач холбогдол өгч ирц сайтай сууж чамбай төсөл батлахгүй бол хууль тогтоох дээд байгууллагын үнэ цэнэ ч буурч дуусах нь. Хэдий болтол УИХ Засгийн газартаа чөдөр болж суух билээ.