Г.Жаргалсайхан: Энэ онд бид гурван соёлын өвөө бүртгүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Г.Жаргалсайхан: Энэ онд бид гурван соёлын өвөө бүртгүүллээ

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа. Энэ жилийн хувьд гурван ч соёлын өвийг Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлж чадсан амжилт нь ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссынхны хамт олны хичээл зүтгэлтэй ч холбоотой юм.   

-Юуны өмнө “Алтангадас” хүртсэнд тань баяр хүргэе. Энэ одонг зүгээр л хэн нэгэн авчихдаггүй. Яагаад танд энэхүү шагналыг авсан гэж бодож байна гэдгээс яриагаа эхлэх нь зөв байх?

-За баярлалаа. Юуны түрүүнд төрийн маань энэхүү шагнал бидний хийж байгаа үйл хэргийг гэрэлтүүлж өглөө гэж бодож байна. Бид зөв замд яваа юм байна. Бидний зам мөр үргэлж гэрэлтэй байж бусдыг мөн гэрэлтүүлэх од нь болж ажиллах болно гэдгээ хамт олныхоо өмнөөс олон түмэндээ хандаж хэлье дээ.

– Өнгөрөгч 2013 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэс­ний комисс юуг хийж амжуулав?

-Энэ 2013 он бидний хувьд онцлог олонтой жил байлаа. Манай үндэсний комисс байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа энэ оныг бид чамгүй өндөр амжилтаар үдэж байна. Монгол улсаас явуулж байгаа бодлого зорилтыг ЮНЕСКО өндрөөр үнэлж байдаг бөгөөд Монгол улс НҮБ-ын хамгийн их гишүүнчлэлтэй байгууллагад бодлого тодорхойлж оролцлоо. Тухайлбал өнгөрсөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Парис хотноо хуралдсан 37 дугаар чуулганаар Монгол улсын санаачилсан Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг хөгжүүлэх тухай тогтоолыг маань гишүүд санал нэгтэй баталлаа. “Бичиг үсгийн 10 жил” тогтоолыг мөн Монгол Улс санаачлан НҮБ-аар батлуулж ЮНЕСКО-той хамтран 2003-2012 онд хэрэгжүүлсэн бөгөөд цаашид энэ салбарт Монгол улс санаачлан зохион байгуулагч нь байж болох ажлыг эхлүүллээ. Шинжлэх ухаан, соёл, боловсрол, байгаль орчин, хэвлэл мэдээллийн олон арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагууддтай хамтран амжилттай зохион байгууллаа. Тоймтойг нь дурьдвал шинжлэх ухааны олон улсын зөвлөгөөн, бичиг үсгийн боловсролын үндэсний зөвлөгөөн хэлэлцүүлэг, Хүн ба шим мандлын зүүн азийн бүсийн зөвлөгөөн, хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээ хэлэлцүүлэг, туулийн олон улсын хоёр зөвлөгөөн гэх мэт олон ажил амжууллаа. Энэ онд бид ЮНЕСКО-д гурван соёлын өвөө бүртгүүлж чадлаа. Соёлын биет бус өвд Монгол уран бичлэг, Монгол гэр урлах уламжлалт арга, түүнтэй холбоотой зан үйлийг бүртгүүлсэн бол Дэлхийн баримтат өвөөр есөн эрдэнийн Ганжуурыг бүртгүүлсэн. Гандантэгчилэн хийдийн номын санг засварлах ажлыг эхлүүлээд байна.

-Ирэх онд юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Бичиг үсгийн боловсролын асуудлаарх их эвслийг олон улсын хэмжээнд байгуулж ажиллах боломжийг судалж санаачлан ажиллах зорилт дэвшүүлээд байна. Хэрэгжүүлж чадвал Монгол улс энэ салбарт өөрийн олсон нэр хүндээ дэлхий дахинд улам бататгахаас гадна энэ салбарт хийх маш том буянтай ажил болох ёстой. Өнөөдөр дэлхий дээр 700 гаруй сая бичиг үсэггүй иргэд байна. Улс орнуудтай нь хамтран ажиллаж шийдвэрлэх боломжийг ЮНЕСКО-той хамтран эрэлхийлэх юм. Гагцхүү дэмжлэг л хэрэгтэй. Мөн Зүүн азийн хүүхдийн урлагийн наадам хамтран зохион байгуулна.

-ЮНЕСКО-гийн гишүүн орон байх, гишүүн биш байх, конвенцуудад нэгдэх, нэгдэхгүй байхын ялгаа юу вэ?

-Монгол улс ЮНЕСКО-д нэгдээд их амжилт олсоон. Өнөөдрийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбооны салбарын хөгжил энэ хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Бид зөвхөн НҮБ болон ЮНЕСКО-оос дэмжлэг хандив хараад байлгүй одоо бүр тус байгууллагад бодлого тодорхойлж оролцох бололцоотой. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаа. Одоо өнөөдрийн байдлаар Засгийн газар хоорондын таван хороонд сонгогдоод байна. Ингэж гишүүн болж хороодод сонгогдох нь мэдээж маш их давуу талтай. Нэг жишээ дурдахад бид сая Хууль бусаар өмчилсөн соёлын өвийг уугуул улс оронд буцаах Засгийн газар хоорондын хороонд сонгогдлоо. Энэ хороо юу хийдэг вэ гэхээр хууль бусаар гадаадад гарсан соёлын өвийг буцаан авчрах ажлыг зуучлан зохион байгуулдаг хороо. Өөрөөр хэлбэл Батаар шиг хууль бусаар гадаадад гарсан өвийг уугуул оронд нь авчрах ажлыг шийдвэрлэхэд оролцоно гэсэн үг. Гагцхүү холбогдох мэргэжлийн байгууллагууд нь идэвхитэй ажиллаасай гэж хүсэж байна. Олон улсын боловсролын товчоо мөн ялгаагүй. Бид гишүүн болсон давуу талаа ашиглах хэрэгтэй юм.

-Конвенцид нэгдэх нь нэг хэрэг. Конвенцид нэгдсэнийхээ төлөө хүлээх үүргээ хэр биелүүлж байна. Ямар асуудал бэрхшээл байна?

-Өнөөдрийн байдлаар Монгол улс ЮНЕСКО-гийн 10 конвенцид нэгдэн ороод хэрэгжүүлж байна. Мэдээж нэгдэж орсон үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж тайлангаа хугацаанд нь гаргахаас эхлээд тодорхой бодлого хөтөлбөрөө нийцүүлэх ёстой байдаг. Өөрийн гэсэн онцлогтой Конвенциуд ч бас бий. Тухайлбал Дэлхийн өвийн 1972 оны Конвенци, Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах 2003 оны конвенцийн дагуу төр засгаас тодорхой бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж газар нутаг өв соёлоо хамгаалах үүрэгтэй. Тулгарч байгаа бэрхшээл цөөнгүй. Хөрөнгө мөнгө санхүүгийн бэрхшээл байгаа хэдий ч хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал боловсон хүчний асуудал болж байна. Энэ тал дээр төр засгаас дэмжлэг хэрэгтэй.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж