МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаасаа шахах болсон тухай яриа Төрийн ордонд хүчээ авч эхлэв. Чухам ямар хэрэг тарьсан болоод О.Баасанхүү гишүүн МАХН-аас хөөгдөхдөө тулсан нь тодорхойгүй ч намаасаа гарсан тохиолдолд УИХ-ын гишүүнээсээ татгалзахаас аргагүй аж. Хуульд зааснаар энэ тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь үгүй болж, намаас нь өөр нэгэн УИХ-д суух боломжтой болох юм байна. О.Баасанхүү гишүүн 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө намын нэрээр дэвшиж, УИХ-д сонгогдож байсан юм.
МАХН дотор өрнөж эхэлсэн энэхүү үйл явцыг улстөрийн хүрээнийхэн өнгөрсөн намар биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэх хугацаа нь ойртсон тул улстөрд орон зайг нь эргүүлэн авчирах зорилгоор О.Баасанхүү гишүүнийг намаас нь хөөж замыг нь засах оролдлого хийж байж мэднэ хэмээн хардаж байна.
Г.ШАРХҮҮ