АН төсвийн байнгын хороог авахыг санаархав

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

АН төсвийн байнгын хороог авахыг санаархав

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан байнгын хорооны дарга нарыг сольсон билээ. Гэвч Төсвийн байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэнгүй. Нийт найман байнгын хорооны дарга нараас  АН-ын таван байнгын хорооны даргыг  улираан сонгож, харин “Шударга ёс” эвслийн хоёр байнгын хорооны даргыг өөрчилсөн билээ. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж нарыг улираан сонгосон. Мөн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Оюунбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт нарыг томилсон билээ.

Байнгын хороодын дарга нараас  бие даагчдын хариуцаж буй Төсвийн байнгын хорооны даргын асуудлыг яагаад хэлэлцсэнгүй вэ. Уг нь өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, даргын асуудлыг ярих байсан  ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. АН олонхийг бүрдүүлэхдээ бие даагчидтай зөвшилцөж, Төсвийн байнгын хороогоо удирдуулахаар Ц.Даваасүрэн гишүүнийг томилсон. Гэвч байнгын хороодын дарга нарыг бүрэн эрх дуусгавар болж байхад яагаад ганц Төсвийн байнгын хорооны даргын асуудлыг хойш тавьсан нь хариултгүй асуулт болоод байна. АН Төсвийн байнгын хороогоо өөрсдөө авах саналтай байгаа байгаа гэж Төрийн ордноор бор шувуу жиргэх болж. Төсвийн байнгын хороог АН өөрсдөө удирдах саналтай байгаа бөгөөд олонхийг бүрдүүлдэг бие даагчид энэ асуудалд өөр байр суурьтай байгаа учраас ийнхүү Төсвийн байнгын хорооны даргыг ганцааранг нь хэлэлцэхгүй үлдээсэн гэнэ.

Энэ долоо хоногт долоон байнгын хорооны даргын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд ирэх долоо хоногт Төсвийн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэж магадгүй. Гэхдээ Төсвийн байнгын хороо бие даагчдын зөвлөлд үлдэх үү, АН авах болов уу.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж