УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцууллаа. Дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулсан бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж тус байнгын хорооны гишүүдийн олонх нь үзжээ. УИХ-ын зарим гишүүд энэ хуулийн төслийг дэмжиснээр Оюутолгойгоос авах татварыг улам хөнгөлсөн болно гэдгийг хэлж байсан юм. Уг хуулийн төслийг эрх баригчид хүчээр батлуулахыг санаархаж байна гэж сөрөг хүчнийхэн эсэргүүцэж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
-Энэ хуулийн төсөлд хугацааны зохицуулалт алга. Тэр утгаар нь хараад үзэхэд Монгол Улс роялтигийн татварыг хэзээ ч авч чадахгүй болж байна. Энэ хуулийн доторх зохицуулалт эргэлзээ төрүүлж байна. Та нар худалдан авагчийг Монголбанк, арилжааны банк, бусад этгээд гэж хувааж байна. Эднээс бусад этгээд алт худалдан авбал хурааж авна гэж байна. алт экспортлох нь зөвхөн Монголбанкинд байна гэж зааж. Арилжааны банк яах юм бэ. Тиймээс энэ хуулийг байгаа байдлаар нь дэмжих бололцоогүй. Таван жилийн хугацаанд Монголбанк ганцхан алт худалдаж авна гэж зохицуулаачээ. Энэ бол нэмэлт, өөрчлөлт учраас оруулж ирсэн зүйл заалтан дээр л ярина. Маш олон зөрчил байгаа учраас хэлэлцэх бололцоогүй байна.
-Цөөн хэдэн гишүүн байна. Хариуцлагатай хэдэн хүмүүс л суулаа. Асуулт, хариулт хангалттай биш байна. Энэ хууль хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Энэ хуулийг хэлэлцэж байгаа болохоор валютын ханш буурч байна. Хэрэгтэй хуулийг хэрэгтэй цагт нь батлахгүй байж болохгүй. Цөөнхийн бүлгийн саналыг тусгасан байна. бие даагчдын яриад байгаа Оюутолгойг оруулахгүй байх нь зөв ч байх. 100 айл дээр барилгын наймаа хийж байгаа улсыг бид хянаж чадахгүй байгаа. Хянаж чадахгүй хууль, авч чадахгүй байгаа татвар нь авлигыг дэлгэрүүлж байна. Тиймээс ухаалаг хууль гаргаж байж ухаалаг төр рүү явна. Биелэхгүй хууль авлига, хууль бус явдал, гэмт хэрэгтнүүдийг бий болгодог. Яриад байгаа үндсэн ордоос татвараа авч чаддаг юм бол 5 хувиа ав. Хэрвээ шороон ордыг олборлоод бэлчээр сүйтгэдэг юм урт нэртэй хууль байгаа. Хэрэгтэй хуули батлая.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Алт хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эерэг, сөрөг үр дагавар маш их гарсан. Энэ хуулийн зорилго нь алтаа Монголбанкинд тушаадаг, татвараа авч чаддаг болоход оршиж байгаа. Гэхдээ биологийн нөхөн сэргээлтийг анхаарах хэрэгтэй. Гарч болох сөрөг үр дагаврыг хэлмээр байна. Хувьдаа Оюутолгойгоос гарч байгаа алтны баяжмалыг Монголбанкиндаа л тушаалгах хэрэгтэй байгаа. Энэ хуулийг гаргахгүй байх сонирхолтой улс бас байна. “Рио тинто”-гийн талд дампуу гэрээг дэмжсэн гишүүд бас байна. Тиймээс дэмжих нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Хуучин хуулиар нь энэ асуудлыг дэмжээд явчих боломжтой. Тусгай зөвшөөрлийнхөө дотор олборлосон алтаа Монголбанкинд тушаана гээд тусгачих бүх бололцоо нь одоогийн мөрдөж байгаа хуулиар бий. Ингэж хий гэж мөн ч олон удаа хэлсэн. Д.Ганхуяг сайдад ч хэлсэн. Оруулж ирсэн төслийг хэлэлцэхийг нь дэмжиж байна. Алтанд тавих хяналтыг чангатгах учраас дэмжиж байгаа. Ер нь алтны компаниуд бол сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын төрийг их чадаж байгаа. Гишүүд хариуцлагагүй мэдээлэл тараадгаа боль. 2 тэрбум долларын хахууль өгсөн. Нэг тэрбумыг нь С.Баяр авсан, үлдсэнийг нь дөрвөн сайд хурааж авсан гэж тараасан. Ийм худал хардлагаа зогсоох хэрэгтэй. Алтыг Монголбанкинд тушаадаггүй явдал чинь 68 хувийн татвараас илүү алтны арилжааг лебиралчилсантай холбоотой. Энэ асуудлыг нэг тийшээ болгох хэрэгтэй. Хөрш хоёр орны татварууд ямар байгааг судалж үзэх хэрэгтэй. Алтны компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй шүү.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Хоёр хөршийн маань алтны татвар манайхаас өндөр байгаа. Тиймээс дэмжихгүй байгаа. Д.Ганхуяг сайдыг хардах үндэслэл нь ойрхон энэ хуулиа оруулж байна. Гэхдээ ганцхан баярлах юм бол үндсэн ордондоо багахгүй гэдэг нь зүйл. Ийм л саналтай байна даа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Монголбанкины нөхдүүдийн тайлбар итгэл төрүүлэхгүй байна. Ер нь хуулийн төслийг арай өөр хэлбэрээр өргөх нь зүйтэй. Дэгийн хуулиараа бол агуулгын өөрчлөлтийг авч болохгүй болчихоод байна. Тэгэхээр шороон ордод хамруулаад явуулчихвал яасан юм бэ гэдгийг хэлж байлаа.
Ингээд хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалаа. Санал хураалтанд 53 гишүүн оролцож 32 нь зөршөөрч 60,4 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.