АМТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

АМТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан юм. Дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганбат  танилцуулсан бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй тус байнгын хорооны гишүүдийн олонх нь үзжээ. Энэ талаар асуулт, хариулт болсон бөгөөд УИХ-ын гишүүн С.Баярцогт “Худалдах, тушаах хоёр чинь ямар ялгаатай юм бэ. Хоёр өөр нөхцлөөр тогтоож байгаа нь ямар учиртай юм бэ гэдгийг асуусан юм. Түүний асуултанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулж,

-Арилжааны банкинд тушаасан тохиолдолд өсөн нэмэгдэх роялти 2,5 байна. Өмнө нь энэ хуулийн төсөл маань бие даасан хууль байдлаар орж ирж байсан. 2006 оны 68 хувийн татвараас үүдэн алт далд байдалд шилжсэн. Тиймээс өрсөлдөх чадвартай татварын нөхцөлтэй болгож оруулж ирсэн юм. Саналыг бол хэлэлцүүлгийн явцад оруулах боломжтой гэдгийг хэллээ. Сайд өнгөрсөн хугацаанд алтаа ч, татвараа ч авч чадахгүй явж ирсэнийг онцолсон юм. Гишүүдийн зарим нь алтанд угаасаа бага татвар ногдуулж байхад дахин багасгах шаардлагагүй гэж байр сууриа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ”Алтны ил тод байдлын тухай хууль дэмжигдээгүй байхад долоо ч хоногоогүй байхад Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирээд байгаа нь хардлага төрүүлж байна… Оруулж байгаа өөрчлөлтүүд нь хариуцлагыг сайжруулах зорилготой. Хууль зөрчсөн нь тогтоогдвол Монголбанкны орлого болно гэж байгаа нь дэмжих бололцоо байхгүй юм. Та дахин дахин зүтгүүлээд байдаг нь ямар учиртай нь юм бэ. Татаад авчихаж болдоггүй юм уу” гэх асуултыг тавилаа.

Энэ асуултанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг,

-Надад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Үр дүнтэйгээр ашиглахын төлөө л энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа юм. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх л хэрэгтэй. Нөөц нь тогтоогдсон алтны ордын алтыг Монгол Улсад тушаах боломжийг бүрдүүлж өгч болдог юм байна. Тиймээс энэ зохицуулалтыг хийхээр өөрчлөлтүүд оруулсан байдлаар зохицуулсан. Алтны хувьд жилдээ 5-6 тонн алт тушаах боломжтой юм. 2012 онд 6 тонн алт олборлож байсан бол 12-14 тонн болж өсөх боломжтой гэдгийг хэлэх байна” гэж хариуллаа. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн алтыг хууль бусаар хилээр даваад байгаа зүйл байхгүйг албаныхан нотолж байгааг хэлж байсан юм. Энэ үүнийг сайд өөр өөр мэдээлэл өгөөд байдаг юм байлгүй дээ гэснээр тайлбарлав. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Ээлжит бус чуулганаар оруулж ирээд унасан. Түүний дараа зүсийг нь хувиргаад ороод ирэхээр хардах сэтгэгдэл төрж байна л даа. Ил тод байлгах гээд байгаа асуудал биш өөр сонирхол яваад байна. Харвал нэг нүхтэй хуулийн төсөл л яваад байна” гэдгийг хэлж байсан юм. Харин сайд өөр сонирхол гэдгийг ойлгохгүй байгаагаа хэллээ. Монголбанкны хувьд валютын нөөц 10 тэрбум доллараар нэмэгдэнэ гэж Уул уурхайн сайд хэлж байна.
 

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж