&#34Дорнод Танан Гарьд&#34 ээлжит хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

&#34Дорнод Танан Гарьд&#34 ээлжит хожлоо авлаа

Шинэ он гарах гэж байгаа баярыг тохиолдуулан Үндэсний Супер Лигээс өчигдөр сагсан бөмбөгийн үнэнч хорхойтнууддаа зориулан онцгой 2 тоглолтоор бэлэг барьлаа. Энэ өдөр өнгөрсөн улирлын плэй-оффын эхний шат эргэн ирлээ. Өөрөөр хэлбэл дээд лигийн шилдэг багууд болох "Дорнод Танан Гарьд", "УБ Альянс Тех Харцага" болон "Увс Эрдэнэдрийлинг Ригс", "Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд" багуудын тоглолт боллоо. Иймээс СТО-нд ч хөгжөөн дэмжигчид пиг дүүрсэнээр энэ онцгой орой эхэлсэн.

Эхний тоглолт өнгөрсөн улирлын аварга "Дорнод Танан Гарьд" болон "УБ Альянс Тех Харцага" багуудын хооронд болсон. Эдгээр багууд өнгөрсөн улиралд плэй-оффын эхний шатанд учраа таарч байсан. Улмаар маш тэнцүүхэн, нэмэлт цаг сунгасан, хүнд цуврал тоглолтуудын эцэст Танан Гарьдууд 4-1 харьцаатай ялалт байгуулж байсан билээ. Өчигдөр болсон тоглолтонд үзэгчид өндөр ач холбогдол өгч, СТО-нд цугласан байсан. Тиймээс ч багуудын хамгаалалт эхнээсээ тун чанга байж, плэй-оффын уур амьсгалтай тоглолт өрнөсөн. Тоглолтын эхний хагаст багууд маш бага оноо авсан нь ч, үүнийг харуулсан. Тоглолтыг эхнээсээ оноогоор тэргүүлж байсан "Дорнод Танан Гарьд" баг эхний хагасыг 38:34 харьцаатай давамгайлж өндөрлүүлсэн юм.

Энэ тоглолтонд Харцагуудаас Marcus Hammonds 20 оноо, 7 самбар, О.Золзаяа 19 оноо, 8 самбар, Г.Баттөр 18 оноо, 6 оновчтой дамжуулалт, Б.Одбаяр 13 оноо, 15 самбар авчээ. Харин Гарьдуудаас О.Ууганбаяр 23 оноо, Freddie Woods 14 оноо, 23 самбар, М.Отгонмөнх 14 оноо, Б.Мөнхболд 12 оноо авчээ.

Тоглолтыг сүүлийн 1 минут 30 дахь секунд хүртэл Гарьдууд оноогоор давамгайлсан хэвээр байлаа. Гэсэн ч энэ үед Харцагуудаас Г.Баттөрийн холын зайн шидэлт болон Marcus Hammonds-н довтолгоо амжилттай болсоноор, оноог 89-89 болгон тэнцүүлж, онцгой тоглолт оргил цэгтээ хүрсэн. Өнгөрсөн улиралд эдгээр багуудын плэй-оффын сүүлийн тоглолтонд, 2 ч удаа нэмэлт цаг сунгасаны эцэст Freddie Woods багтаа хожил авчирч, торгуулийн 1 оноогоор хожиж байсан. Өчигдөр ч мөн плэй-оффын тэр дүр зураг давтагдлаа. Woods багийнхаа сүүлийн 2 довтолгоог хийж, амжилттай болгосноор, Гарьдууд 83:79 харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа. Гарьдууд энэ улиралд ч мөн 2 дахь удаагаа Харцагуудыг хожиж байгаа юм. Ингэснээр "Танан Гарьд" баг энэ улирлын 5 дахь хожлоо авч, 4 хожигдолтой байгаа бол, "Альянс Тех Харцага" баг 3 дахь хожигдлоо амсаж, 6 хожилтой байгаа юм.

"SBL Хасын Хүлэгүүд" Ригсийг буулган авч, хүснэгтийн тэргүүллээ

Шинэ жилийн баярт зориулсан 2 дахь онцгой тоглолт "Увс Эрдэнэдрийлинг Ригс" болон "Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд" багуудын хооронд боллоо. Эдгээр багууд мөн л Үндэсний Супер Лигийн өнгөрсөн улиралд плэй-оффын эхний шатанд учраа таарч, Хүлэгүүд 4-2 харьцаатай хожиж байсан билээ. Харин эдгээр багуудын энэ улирлын эхний тоглолтон Эрдэнэдрийлинг Ригс хожоод байсан. Өчигдөр болсон тоглолтонд торгуультай байсан Хүлэгүүдийн төвийн тоглогч О.Сайнбаяр эргэн ирж, мөн Т.Санчир болон Б.Билгүүн нарыг зэрэг гараанд гаргасан байлаа. Харин Эрдэнэдрийлинг Ригс Ш.Сэдбазарыг сэлгээнээс, Г.Нямбаяр болон Б.Батжавхлан нарыг гараанаас тоглуулсан.

Тоглолтын эхний хагасыг 41:37 харьцаатай Эрдэнэдрийлинг Ригс баг давамгайлсан. Тэднээс энэ өдөр С.Өрнүүнбилэг гайхалтай тоглолтыг үзүүлж байлаа. Тэрээр нийт 30 оноо, 12 самбар авсан бол Chris Moore 17 оноо, 16 самбар, 6 блок, Г.Нямбаяр 13 оноо, Corey Bethea 13 оноо, 6 оновчтой дамжуулалт өгчээ.

Гэсэн ч энэ тоглолтын 3-р үед, өнгөрсөн улирлын Үндэсний Супер Лигийн онооны аварга Т.Санчирын галзуурал эхэлсэн. Түүний ээлж дараалсан холын зайн шидэлтүүд болон оролтууд амжилттай болж байснаар, багтаа онооны давамгайллыг авчирсан.Улмаар энэ тоглолтонд  Т.Санчир 44 оноо авч, 6 самбар авсанаар, энэ улирлын 2 дахь өндөр оноог авлаа. Мөн Хүлэгүүдээс З.Доржсүрэн 13 оноо, Horace Bond хамгаалалтанд сайн байж, 12 оноо, 13 самбар, Б.Билгүүн 11 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт өгчээ.

Сэтгэл сэргээм сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигт тоглолт бүрт л эцсийн мөчид ялагч нь шийдэгддэг билээ. Бараг уламжлал гэмээр болоод байгаа энэ ёсоор энэ тоглолт ч, эцсийн мөчид оноо тэнцэх боломж гарч ирсэн. Тоглолтын төгсгөлд Хүлэгүүдийн довтолгоо учраа олохгүй болж ирсэнээр, Ригсүүд оноог нөхөж эхэлсэн. Ялангуяа төвийн тоглогч Chris Moore маш чухал оноонуудыг авч байлаа. Улмаар тэрээр довтолгоогоо алдаатай амжилттай болгосноор, торгуулийн шидэлтээр оноог тэнцүүлэх боломжтой болсон. Гэсэн ч харамсалтай нь энэ шидэлтийг алдсанаар, Хүлэгүүд энэ тоглолтонд 94:89 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, маш чухал хожил авлаа. Ингэснээр "SBL Хасын Хүлэгүүд" баг 6 дахь хожлоо авч, 2 хожигдолтойгоор, лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Харин "Эрдэнэдрийлинг Ригс" 3 дахь хожигдлоо амсаж, 5 хожилтой байгаа юм.

Үндэсний Супер Лиг маргааш буюу баасан гарагт "Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд", "Баянзүрх Их Өргөө Аравтууд" болон "Говь-Алтай МонТорх", "Увс Эрдэнэдрийлинг Ригс" багуудын тоглолтоор үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж