Дуулаад хэрэггүй гэсэн ч зөрсөөр дуучин болсон

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

Дуулаад хэрэггүй гэсэн ч зөрсөөр дуучин болсон

Дуучин Чойжоогийн фэнүүдэд дуулгах баяртай мэдээ байна. Тэрбээр энэ сарын 21-нд “The face in the stars” нэртэй анхны цомгоо өлгийдөн авсан билээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 27-нд “Vegas” клубт анхны цомгоороо нэрлэсэн тоглолтоо фэнүүддээ хүргэхээр болжээ. Өнөөдөр дуучин залуу маань “Монгол ньюс” мэдээллийн төвд шинэхэн цомог болон тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийлээ. Түүний анхны цомог англи, монгол есөн дуунаас бүтжээ. Харин хэдийнээ уг цомгийнхоо хоёр ч дууг клипжүүлэн үзэгчдийн хүртээл болгоод байгаа юм. Тэрбээр уг цомогтоо багтсан  “Хүрч чадахгүй” клипээ  “IC” студиэр хийлгэсэн бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон “UBS Music Awards-2013” наадамд энэхүү клип нь “Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип” номинацийн эзэн болж, “Оны шилдэг клип”-ны эзнээр шалгарсан билээ.

Түүний “The face in the stars” буюу “Оддын дунд үлдсэн дүр” хэмээх өвөрмөц нэртэй энэхүү цомгийн ажил нийт арван гаруй сар үргэлжилжээ. Харин тэрбээр ирэх оны нэгдүгээр сараас уг цомогтоо багтсан дуунуудаа дүрсжүүлэх хүргэх нь ээ.

Ингээд маргааш анхны бие даасан тоглолтоо хийхээр товлоод байгаа дуучин Чойжоотой ярилцлаа.

-Яагаад цомгоо “Оддын дунд үлдсэн дүр” гэж нэрлэсэн юм бэ. Нэлээд өвөрмөц сонсогдож байна шүү?

-“Оддын дунд үлдсэн дүр” дуунд үндэслэж энэхүү цомгоо гаргасан. Уг дуу нь миний үеэл дүүгийн дурсгалд зориулагдсан юм. Энэ цомог бүхэлдээ тэр хүний төлөө гэсэн сэтгэлээр бүтсэн цомог. Өөрийнхөө дуртай хийхийг хүссэн дуунуудаа хийсэн. Ер нь миний уран бүтээл хийх болсон шалтгаан бол одоогоос жил гарны өмнө цаг бусаар өнгөрсөн үеэл дүү маань юм. Үеэл дүү маань надтай ижилхэн нэртэй байсан. Бид хоёр нэг насны зөрүүтэй нэг өдөр төрсөн. Тэгэхээр энэ нэр дуурсагдаасай гэж хүсч байгаа.

-Тэгвэл энэ дууныхаа  клипийг тун удахгүй хүргэх нь ээ?

-Шинэ жил өнгөрөөгөөд нэгдүгээр сараас ихэнх уран бүтээлээ клипжүүлнэ.

-Маргааш анхны тоглолт тань болно. Сэтгэл хэр догдолж байна даа?

-Маргааш миний цомгийн баярт дотны хүмүүс маань ирнэ. Намайг сонсохыг хүссэн хүн бүрт нээлттэй. Тэнд их сайхан дулаан уур амьсгал бүрдэх байх гэж найдаж байгаа. “Оддын дунд үлдсэн дүр” цомогт багтсан дуу болон цомогт багтаагүй дуунууд дуулагдана.

-Б.Чойжоог анх “The Pips” хамтлагтай уран бүтээл хийж эхэлсэнээс л мэднэ. Ингэхэд дуучин Б.Чойжоо хэзээнээс дуулж эхэлсэн бэ?

-Би хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид сурч байсан. Долоо, наймдугаар ангиасаа гитар хөгжим тоглож эхэлсэн. Ер нь багаасаа л дуулах дуртай байлаа. Ер нь их олон хүн намайг дуулаад хэрэггүй гэдэг байсан л даа. Зөрсөөр байгаад л дуулсан даа. Хоёр, гурван жилийн өмнөөс уран бүтээл хийх хүсэлтэй болсон. Яг хийж эхэлж байгаа нь бол энэ цомог юм.

А.ӨЛЗИЙ

Эх сурвалж: www.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж