УИХ-аас энэхүү төслийг баталсан нөхцөлд Монгол Улс ирэх онд гурилын хэрэгцээгээ хангахын тулд 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирж, Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Атрын III аяныг хэрэгжүүлээд ямар амжилтанд хүрсэнийг бид мэднэ. Одоогийн уналтанд орсон байдал нь төрөөс баримталж буй муу бодлоготой холбоотой. Гурилын үнийг барих зорилгоор 3 тэрбум төгрөгийг олгосон. Гурил үйлдвэрлэгч нар бухимдахаар улаан буудайн үнийг бууруулна гэж бодлого барьсан. Энэ бол газар тариалангийн салбарыг унагах бодлогын алдаа болсон. Нэг тонн улаан буудайг 300 мянган төгрөгөөр борлуулж байна. Тариаланчид улаан буудай тариад 300 мянган төгрөгөөр зарах уу, эсвэл рапс тариад 800-900 мянган төгрөгөөр зарах уу гэсэн ийм сонголтонд хүрээд байна. Тиймээс бодлогоо өөрчлөх шаардлагатай байна. Импортоор орж ирж байгааг улаан буудайг 6,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм төсөл орж ирж байна. Үүнийг дэмжмээргүй байна” гэдгийг хэллээ. Харин зарим гишүүд гурилын импортыг татвараас чөлөөлөх саналыг гаргаж байсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Ноднин бид төмс тарьсан иргэдээ шатаагаад өнгөрсөн. Энэ жил тариаланчдаа сөхрүүлэх гэж байна. Үр маш муу болчихлоо. Үр оруулж ирээд 5-6-хан компаниудад өгөөд, цөөхөн үйлдвэрлэгчдэд өгөхөө болих хэрэгтэй. Эрх ашгийн сонирхлын зөрчилтэй бүлгийн захиалга. Үрийн шинэчлэл, бордооны асуудлыг сайжруулахгүй бол энэ салбарыг авч яваа хувийн хэвшлийг сүйрүүлнэ. Үүний оронд Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгоё. Ингэж чадвал Монгол төдийгүй бүс нутгийг хангах боломжтой газар шүү дээ. Хамгийн их ажлын байр хөдөө аж ахуйд гарч байна. Тэр алт, уурхай дээр чинь гарахгүй байгаа шүү. Монголыг авч яваа салбарт хатуурхаж хандаад байгаа шүү. 100 тонн үр оруулж ирээд тариаланчдын хадгалж буй үрийг буудайнд шилжүүлээд үрээ шинэчлэе. Дахин хэлэхэд үрээ идэхээс үрээгээ ид гэж үг бий шүү. Таварын буудай оруулж ирэхийг дэмжихгүй байна” гэдгийг хэлсэн юм. Ингээд гишүүд үг хэлж дуусан санал хураахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэж санал хураахад 54 гишүүн оролцож 35 гишүүн зөвшөөрч 67,8 хувь нь дэмжсэн учраас үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.