Энэ бол Монголын жүдочдын уриа… Спортын хүн бүрт хамаатай хамаатай уриа.
Монголын спортын салбарт өнөөдөр /12.26/ гурван гавьяат төрлөө. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, жүдогийн анхны эмэгтэй дэлхийн аварга бөх ОУХМ Мөнхбатын Уранцэцэг, жүдогийн ОУХМ Дашдаваагийн Амартүвшин, чөлөөт бөхийн ОУХМ Ганзоригийн Мандахнаран нарт Гавьяат тамирчин цол хүртээв.
Төрийн ордонд шагнал гардсан тамирчдаа спортынхон Чингисийн хөшөөний өмнө ийн баяр хөөр болон угтав. Дэвжээн дээр хамтын хүчээ нэгтгэж, тив, дэлхийн шилдгүүдийг ялж дийлж ирсэн спортынхон бахархалт мөчөө бас хамтдаа хуваалцаж байгаа нь энэ.
Спортын амжилт улам бүр залуужиж, тэднийг дэмжих төр, ард түмэн хоёрын хүндэтгэл ч цагаа олж, урам итгэл өгдөг болсон нь сайн хэрэг юм. Энэ гурван залуугийн өмнө маш том мөрөөдөл, маш том зорилго бий. Тэр зорилгын төлөө спортынхон, тэдний гэр бүл, найз нөхөд, ард түмэн хамтдаа хичээх учиртай билээ. Яг энэ өдөр шиг, яг энэ баярт мөчийнх шиг хамтдаа хүчтэй байснаа үргэлж мэдэрч байх нь спортын хүн бүрийн хүсэл, зорилго юм байна.
Хамтын хүч амжилт. Их спортынхон өнөөдөр ийн төрдөө үнсүүллээ. Ирэх өдрүүдэд олон тамирчин тэдний адил амжилтын замаар алхах болтугай.
Гэрэл зургийг Б.БАТМӨНХ