
Аравхан настайдаа аав, ээж, эх орноосоо холдож, бяцхан зүрхэндээ балетчин болох хүсэл мөрөөдлөө тээсээр холын Ленинградыг зорьсон шавилхан охин өдгөө бидний өмнө дүүлэн нисч, өлмийн дээр яаж уран гоё бүждэгийг гайхуулж байна. Тайзан дээр тэр Жизель болдог. Заримдаа Жульеттад хувирдаг. Бас Аврора гүнж ч болно.
Харин амьдрал дээр тэрээр Дуурь бүжгийн эрдмийн театрын шилдэг прима донна Г.Цолмон. Балетчин аавын балетчин охин, шилдэг солоист Г.Цолмонтой сургуулилтынх нь завсарлаганы үеэр ярилцсанаа хүргэе.
-Өнгөрсөн ням гаригт “Бахчисарайн оргилолт булаг”-ийг үзсэн. Та Мария гүнжийн дүрийг үнэхээр чадварлаг амьдруулсан. Баяр хүргэе. Танд их зохисон дүр байналээ. Урьд нь та Марияд тоглож байсан уу?
-Баярлалаа. 1956 онд Хабаева гуай 26-хан настай байхдаа энэ балетыг манай театрт анх удаа дэглэн тавьж байсан. Өнгөрсөн ням гаригт Хабаева гуайн 80 насны төрсөн өдөрт зориулан энэ балетыг дахин тавьсан. Миний хувьд хамгийн анх 96 онд энэ бүжгэн жүжигт тоглож байсан санагдаж байна. Их хүчирхэг драмтай, бүжигчдээс жүжиглэлт нэлээд шаардсан сайхан бүжгэн жүжиг. Хөгжмийн хувьд ч үнэхээр мундаг.
-Үнэхээр драмтай балет юм билээ. Бас өргөлт ихтэй санагдсан. Хоёрдугаар үзэгдлийн Гирей хаан Мария гүнж дээр орж ирдэг тэр хэсэг их сэтгэл хөдөлгөм санагдсан. Өргөлтүүд нь маш гоё?
-Тийм, ерөнхийдөө өргөлт ихтэй. Гирей хаанд манай Мөнгөнхөлөг их сайн тоглосон. Өөрөө залуу хүн байж ахимаг хүний дүрийг сайн гаргаж чадсан. Мөнгөнхөлөг эсрэг хурц дүрүүдийг маш сайн гаргадаг.
-Драм ихтэй балетад тоглосны дараа илүү их ядардаг уу. Бүжиглэнэ, хажуугаар нь жүжиглэлт ихтэй?
-Дүрээ гаргах гэдэг мэдээж амаргүй л дээ. Худлаа жүжиглэхээр хүмүүст хүрэхгүй. Тийм болохоор тухайн үеийнхээ нөхцөл байдалд яг жинхнээсээ л хувирах ёстой болдог.
-Балетмейстр Жамъяндавга гуай “Балетчин хүн тоглолтын үеэр 90 хувь дүрдээ ороход хангалттай. 100 хувь орчихвол жүжгэн дээрх ханхүүдээ дурлачихна, аягүй бол эсрэг талын хүүхнээ хөнөөчихөж мэднэ” гэж шоглоомоор хэлж байсан гэсэн?
-/Инээв/. Нээрээ тийм шүү. Ер нь тайзан дээр нэг их хүчлэхгүйгээр цаанаасаа л дүрдээ орчихдог. Тэр агуу сонгодог хөгжмийн ид шид байх аа. Сая сүүлд “Бахчисарайн оргилолт булаг” дээр нөгөө Зарема миний өмнө сөхрөөд унадаг хэсэг байна ш дээ, тэр хэсэг дээр би бүр уйлчих гээд аймаар сонин болоод байсан ш дээ.
-Мариягийн дүр их энхрий хонгор, уян зөөлөн. Бүжиг нь ч тийм. Харин Гирей хааны хамгийн хайртай гэргий Зарема болохоор хурц, тачаангуй, огт өөр дүр. Түүний бүжгүүд үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Та Заремад бүжиглэж байв уу?
-Заремагийн дүр миний мөрөөдөл. Гэхдээ хэзээ ч биелэхгүй мөрөөдөл инээв. Угаасаа надад эсрэг дүр зохидоггүй юм. Уг нь би эсрэг дүрд тоглохсон гэж боддог юм. Гэхдээ л зохихгүй. Тэгээд ч Заремагийн фактур би яагаад ч биш л дээ. Заремад манай Баасансүрэн маш сайн бүжиглэдэг.
-Балетчин болгон өөрийн гэсэн бусдаас ялгарах онцлогтой байдаг. Та бүжигчнийхээ хувьд ямар онцлогтой бол?
-Манай Ленинградын сургууль бид нараас цэвэр цэмцгэрийг их шаарддаг байсан л даа. Тийм болоод ч тэр үү, би тийм байхыг их хичээдэг. Ёслох, алхах гишгэх гээд бүхий л үйл хөдлөлөө цэмцгэр хийхийг хичээдэг.
– Театрын сүүлийн үеийн гоцлоочдоос та Ленинградад төгсч ирсэн хамгийн сүүлийн орос школтой балетчин. Таниас хойш гарч ирсэн солоистууд дотоодын боловсон хүчнүүд. Ленинградын балетын академийг төгсөнө гэдэг том боломж. Балетын школоор Орост Ленинградын академи номер нэг байх, тийм үү?
-Зөвхөн Орост гэлтгүй дэлхийд бараг нэгдүгээрт орно. Жаахан байхад тийм мундаг сургуульд сурдаг энэ тэрээ ч анзаарч мэддэггүй байж. Одоо бодоход сүрдмээр, бахархмаар санагддаг юм. Саруул, Ганчимэгээрээ би их бахархдаг. Монголд төгссөн мөртлөө үнэхээр сайн балетчид. Манай Хөгжим бүжгийн коллеж угаасаа орос школтой л доо. Монголдоо сайн балетчин бэлтгэж чадаж байгаа нь харагдаж байна ш дээ. Гэтэл хойно Орост төгссөн мөртлөө сайн солоист болж чаддаггүй балетчид байж л байдаг.
-Бүжгэн жүжигт орос школ хамгийн алдартай нь гэгддэг. Орос школ юугаараа бусдаас ялгардаг юм бол?
-Орос школ илүү яруу зөөлөн. Гарын хөдөлгөөн их уян зөөлөн байдаг. Франц, америкуудынх их ширүүн огцом, гарын тавилт нь огт өөр байдаг. Гэхдээ зарим бүжгэн жүжиг дээр тэд нарын тэр ширүүн хурц тавилт гоё харагддаг шүү.
-Одоо эхнээсээ дотоодын боловсон хүчнүүд гарч ирээд байгаа учраас яваандаа манай бүжгэн жүжгийн орос школ бас тасарч магадгүй юу?
-Магадгүй. Гэхдээ гайгүй байх аа. Сая сүүлд гэхэд л 12 хүүхэд Пермийн балетын академид сурахаар явсан.
-Таны хамгийн анхны тоглосон бүжгэн жүжиг юу байв?
-“Цэнхэр нүдэн бүсгүй”. Солоист болж байгаа бүжигчин бүр эхлээд заавал “Цэнхэр нүдэн бүсгүй”-гээр дамждаг ёстой шахуу байдаг юм.
-Өхөөрдөм, хөөрхөн балет шүү. Харьцангуй хөнгөн бүжгэн жүжигт тооцогдоно биз дээ?
-Тийм л дээ. Гэхдээ техник ихтэй шүү. Бас амаргүй ээ /инээв/. Тэрүүхэн тэндээ амьсгаадна. Жүжиглэлт нэлээд шаардана.
-Харин “Хунт нуур”-т та хэзээ анх бүжиглэж байсан бэ. Харамсалтай нь би таны хун болохыг үзэж байгаагүй?
-“Хунт нуур”-т би ердөө хоёр удаа тоглож байсан. 2005 оны зун байх аа, “Хунт нуур” тавигдсаны 30 жилийн ойгоор. Тэр үед өөр солоист байхгүй байж таараад Гэрлээ багш намайг “Чи чадна. Хоёулаа сайн бэлтгэл хийгээд болно гэсээр байгаад би тоглосон. Түүнээс биш би хэзээ ч “Хунт нуур”-т тоглохгүй юм шүү гэж боддог байсан.
-Яагаад?
-Угаасаа яагаад ч миний дүр биш л дээ. Би чинь жижигхэн, гадаад байдлын хувьд Оделлад тохирохгүй.
-Тэгвэл танд хамгийн их таалагддаг бүжгэн жүжиг, дүр?
-Жизель. Би Жизельдээ их хайртай. Хүмүүс надад “Чиний Жизель их гоё, чамд их зохисон” гээд байдаг юм. Би “Ромео Жульетта”-д бас их дуртай. Хөгжим нь үнэхээр гайхалтай ш дээ. Харамсалтай “Ромео Жульетта”-г манайх тавиагүй удаж байгаа.
-Тийм, үзэгчид ч бас нэлээн хүсэн хүлээдэг байх. Ингэхэд яагаад “Ромео Жульетта”-г ойрд тоглохгүй байгаа юм бол?
-Эрэгтэй солоистууд олонтой балет ш дээ. Тэгээд одоохондоо солоист жаахан дутагдалтай байгаа байх. Ер нь гол дүр олонтой. Олон бүжигчдийн баг ажиллах хэрэгтэй болно л доо.
-Та сүүлийн үед залуу гоцлооч Одтой нэлээд партнерлаж байгаа. Ингэхэд таны хамгийн хайртай партнер хэн бэ?
-Батболд. Одоо Батболд маань Японд байгаа. Алтанхуягийн ангийнх. Бид хоёрыг манайхан талх, масло гэж хочилдог байсан. Талх, масло хоёр хамтдаа байхад л болно гээд. Хоёулаа бие, биенийхээ арга барилыг олчихсон бүжиглэхдээ их эвтэйхэн байдаг байсан. Миний хамгийн анхны партнер Дашлхагва ах байсан. Ер нь тэгээд үе, үеийн л партнерууд байна даа. Одоо манай залуучуудаас гэвэл Од, Эрдэнэболд гээд л байна.
-Манай эрэгтэй балетчидыг гадны театрууд урьж ажиллуулах нь түгээмэл байдаг. Эрэгтэй балетчид илүү сайн байна уу, энэ юуных вэ?
-Жишээлбэл, Японд эрэгтэй балетчид нь мөнгө төлж, бэлтгэл сургуулилтад орж байна, гэтэл тэд манай эрэгтэй балетчидад мөнгө өгч тоглолтдоо оруулдаг. Тэнд гэхдээ эрэгтэй бүжигчид цөөн байдаг юм билээ. Ер нь манай эрэгтэй бүжигчид их сайн.
-Балетчины оргил нас таныхаар хэд гэж боддог вэ?
-Залуу байх тусмаа л гоё. Миний хувьд хамгийн оргил нас маань 25-30 нас байсан юм болов уу даа гэж боддог.
-Та одоо хэдэн настай вэ?
-Хэдтэй юм шиг байна?
-Харагдах байдлаараа бол 30, 31-ээс хэтрэхгүй харагдаж байна. Гэхдээ би таны төгссөн сургууль, театрт ажиллаж байгаа зэргийг чинь бодоод үзэхээр ерөнхийдөө мэдэж байна л даа.
-Баярлалаа. Би одоо 36-тай
.
-Балетчидыг каскигаар төсөөлөхгүй. Та ямар каски хэрэглэдэг вэ?
-Энэ байна. /Бэлтгэлийнхээ цүнхнээс гаргаж үзүүлэв/. Гришко гээд Оросын их сайн каскины үйлдвэр байдаг юм. Манай театр тэндээс захиалж авдаг. Анх бид нар хятад каски хэрэглэдэг байсан. Одоо энэндээ бүр дасчихаад байгаа. Их сайн каски.
-Үсрээд буухад шалан дээр тог, тогхийгээд их гоё сонсогддог шүү. Энэ үзүүр хэсгийнх нь мод бүр халцарчихаж. Ингэхэд нэг каскиг хэр удаан эдэлдэг вэ?
-Их чанга дуугардаг, тээ. Нэг каскиг нэг өдрийн тоглолт дээр гарахад л өмсөнө дөө. Тэгээд дараагийн тоглолтод гарах хүртлээ бэлтгэл, сургуулилт дээрээ өмсчихдөг л юм.
-Тийм амархан элэгддэг гэж бодож байгаагүй юм байна. Тайзан дээр гарахын өмнө айдас байдаг уу. Эсвэл хорь шахам жил бүжиглэсэн туршлагатай бүжигчин болохоор айдас гэдгээс ангид байдаг ч байж болох юм?
-Ёстой үгүй юм байналээ. Харин ч бүр болохоо байдаг юм байна. Нас яваад ирсэн чинь бүр айгаад энэ зүрх хавиар сонин болоод байдаг болчихсон /инээв/. Хаана нь яадаг вэ, хэзээ нь хэцүү вэ гээд бүгдийг мэддэг болчихсон болохоор халшраад зүрхшээгээд ч байдаг юм уу даа. Өөрөө гарах битгий хэл бусдыгаа бүжиглэхийг бараг харж ч чаддаггүй ш дээ. Хэн нэг нь “Хунт нуур”-ын Оделлийн 32 эргэлтийг бүжиглэх гэж байлаа гэхэд л бараг нүүрээ дараад харж чадахгүй байх жишээтэй. Тайзны ард тайзан дээрхийг бүтэн харуулдаг том дэлгэц байдаг юм. Тэгээд манай Гэрлээ багш АЖ Гэрэлчимэгийг хэлж байна жаахан хүнд хэсэг энэ тэрийг бүр харж чаддаггүй гээд бод доо. Бид нараас “Яасан, хийсэн үү, дууссан уу” гээд л асуудаг юм.
-Оделлийн 32 эргэлт яагаад тийм их алдартай юм бэ. Мэдээж бүжигчнээс маш их ур чадвар, техник, баланс шаарддаг л даа?
-Тийм, яах аргагүй бүжигчнээс хамгийн их техник шаарддаг бүжгийн хэсэг. Па-де-дений дараа, эрэгтэй, эмэгтэй хоёулаа хийгээд, дараа нь нэг, нэгээрээ хийсний дараа 32 эргэлтийг хийдэг. Тэгэхээр их ядарсан байдаг. Ийм дараалалтай хийж байгаад л гол учир байгаа юм л даа. Түүнээс биш бид нар бэлтгэлийн үед ч юм уу, 32 эргэлтийг огт түүртэлгүй амархаан хийчихдэг.
-Таны шүтэн биширдэг балетчин гэвэл?
-Максимова, Муратова.
-Таны аав /Ардын жүжигчин О.Ганбаатар/ балетчин хүн болохоор мэдээж байнга мэргэжлийн зөвлөгөө, шүүмж өгсөөр ирсэн байх?
-Харин ч бүр эсрэгээрээ. Аав надад ёстой зөвлөгөө өгдөггүй. Намайг ерөөсөө тоохгүй “Яв, яв, охидууд дээрээ оч” л гэдэг байсан /инээв/. Миний хамгийн сайн зөвлөгч бол миний Гэрлээ багш. Сургуулиа төгсч ирээд л Гэрлээ багшийнхаа гараар орсон.
-Таны ээж бас балетчин байх аа?
-Тийм. Миний ээжийг Б.Энхээ гэдэг. Би нас яваад ээжтэйгээ их адилхан болж байх шиг байгаа юм. Сая өнгөрсөн бүтэн сайнд Хабаева гуайн наян насны төрсөн өдрийг тохиолдуулж тавьсан “Бахчисарайн оргилолт булаг” дээр бүжиглэсний дараа хүлээн авалт боллоо. Тэгсэн тэнд үе, үеийн балетчид цугларсан байсан юм. Тэгээд ээжийн үеийнхэн бүгд л намайг “Цолмон ёстой яг Энхээ” гээд л байсан. Ээж бас залуудаа “Бахчисарайн оргилолт булаг”-т Марияд тоглож байсан юм.
-Аав, ээж, охин гурав бүгдээрээ балетчин гэхээр сайхан санагдаж байна?
-Манай ээжийн дүү Б.Чимгээ эгч маань бас балетчин байсан. Бид хэд нэг хэсэг театр дээр бүгд цуглардаг байсан.
-Та гэр бүлээ танилцуулаач?
-Манай нөхрийг Тэмүүлэн гэдэг. Төрийн тусгай хамгаалалтад ажилладаг. Шал цэргийн хүн бий. Өндөр, том биетэй. /Инээв/. Зарим хүмүүс нөхөр чинь балетчин уу гэж асуудаг юм, би үгүй ээ л гэдэг. Бид хүү, охин хоёртой.
-Ийм үзэсгэлэнтэй балетчин эхнэртэй азтай хүн юм аа. Та хоёр анх яаж танилцсан бэ?
-Би дөнгөж Ленинградаас сургуулиа төгсч ирээд аав, ээжтэйгээ Сүүжийн амралтад амарч байгаад тэнд нөхөртэйгээ танилцсан. Би чинь гадаадад сургууль төгсөөд ирсэн балетчин охин гээд л гадаа гудамжинд бараг хүн болгон эргэж хардаг их зантай ч гэмээр юм шиг охин байсан. Манай балетынхан хүзүүгээ сунгаж, эрүүгээ өргөж явдаг болохоор их зантай юм шиг харагддаг байх. Гэхдээ харьцаад үзэхээр шал өөр байдаг. Тэгээд намайг хоёр жил эргүүлж байгаад л авч суусан ш дээ /инээв/
-Таны тоглолтуудыг тогтмол үздэг үү?
-Ажил ихтэй болохоор байнга үзээд байж амждаггүй л дээ. Анх намайг театрт орж байхад премьер болгоныг ирж үздэг байсан. Сүүлд манай хүн миний гуравдугаар сард хийсэн уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулсан.
-Таны уран бүтээлийн тоглолт их сайхан болсон. Нойрссон гүнж, Жизель, Хунт нуурын па-де-труа гээд л тэр үдэш театр гайхалтай солоистоо “гайхуулсан”… Та театрт ажилласан хорь шахам жилийн хугацаанд ганц удаа л тоглолт хийсэн нь тэр үү?
-Тийм ээ. Сонгодог урлагийн тоглолтыг олон хийнэ гэдэг амаргүй л дээ. Харин би жаахан эртхэн хийсэн бол гэж боддог юм. Тэгээд амжихгүй явсаар байгаад л энэ жилийг хүрсэн.
-Балетчид дээд зэргийн бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай байдаг гэдэг. Оросын нэрт балетчин Захарова “Би ган төмөр мэт дотортой” гэж нэг ярилцлагадаа ярьсан байсныг санаж байна?
-Захаровагийн хэлсэн яг үнэн. Балетчин хүн тийм л ган төмөр мэт нугаршгүй байх ёстой. Жаахан байхдаа орос багш нартаа цусаа гартал л зодуулдаг байсан. Тэсвэр тэвчээртэй байж л балетчин болно. Түүнээс би чадахгүй, больё гэж эргэж буцаад байвал балетчин болж огт чадахгүй л дээ. Гэмтэж, бэртэхээс авахуулаад
сэтгэлийн хат, тэвчээр шалгасан зүйл зөндөө тулгардаг.
-Та нэг сонинд ярилцлага өгсөн байсныг санаж байна. Би хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарна гэж. Дөнгөж 36-хан настай, тэгээд тэтгэвэртээ гарна гэхээр нэг л эвгүй санагдаад…?
-Хоёр жилийн дараа би театрт ажиллаад яг 20 жил болж байгаа юм. Ерөнхийдөө 20 жил бүжиглээд ихэнх бүжигчид тайзнаас буудаг. Миний хувьд одоохондоо хэлж мэдэхгүй байна. Тэр үед яахаа шийднэ. Өөрөө хүсч байвал театртаа үлдээд ажиллаж болно. Бас намраас Хөгжим бүжгийн коллежид багшлахаар болж байгаа. Одоо ажлынхаа хажуугаар “Сити балет” сургуульд багшилж байгаа.
Сургуулилтын завсарлага дуусч, Цолмон эгч бүжгийн танхим руугаа дэгдсээр орсон.
…“Балет шунал хөдөлгөсөн тэнгэрлэг урлаг. Уран бүтээлч хүн нэг л дурлаад зүтгэх юм бол илүү хийхийг хийх гэж зүтгэдэг, тэмүүлдэг тийм сайхан урлаг” гэж тэрээр нэгэнтээ ярьж байсан. Тайз өөрөө их харгис. Нэг л өдөр таны нас боллоо гээд хайр, найргүй шууд л түлхэж, баяртай гэдэг… Энэ ч түүний үг.
…Бүгд үүнтэй эвлэрнэ. Тэр ч бас. Магадгүй хоёр, гурван жилийн дараа тэр тайзаа орхих ч их урлагаа мартахгүй. Нойрсож буй олон хөөрхөн гүнж төрүүлэх их үйлсэд тань сайныг хүсье. Сонгодог урлагийн хязгааргүй уудамд дүүлэн ниссэн он жилүүдэд тань баярлалаа.
Ж.Нандиа