Монгол
Улсад сүүлийн үед улсын эдийн засгийн хөгжлийн асуудлаар өргөн дэлгэр
мэтгэлцээн хийж байна. Оюутолгойн хоёрдугаар ээлжийг ашиглалтад оруулах
асуудал, “Рио Тинто”-гоос тус төсөлд цаашид хөрөнгө оруулах байр
суурийг хэлэлцэж байна. Нүүрсний үлгэр эхэлж чадалгүй дуусч байна.
Тавантолгойн ордын төлөв одоогоор ойлгомжгүй байна. Манай бусад олон
нүүрсний ордын төлөв ч мөн адил байна. Дэлхийн эдийн засаг дахь хямд
нүүрсний үнэ ба хямралын байдлын нөхцөлд ойрын жилүүдэд нүүрс нь Монголд
нэг их тус дэм болохгүй бололтой. УИХ-д ч мөн адил манай улсын эдийн
засагт гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал халуухан яригдаж, үр
дүнд нь Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийг ч баталж гаргав.
Гэвч
энэ бүхний гадна “Эрдэнэт” маань хоцрон үлдэж, манай эдийн засгийн
ихэнх хэсгийг чимээгүйхэн үүрэн чирсээр энэ сарын 14-нд ашиглалтад
орсныхоо 35 жилийн ойг тэмдэглэлээ. 1978 онд ажиллаж эхэлснээсээ хойш
“Эрдэнэт” нь Монгол улсын төсөвт татвараа тогтвортой төлж, улсын ДНБ-д
өөрийн хувиа нэмэрлэсээр байна. Өнгөрсөн 10 жилд “Эрдэнэт” улсын төсвийн
жил бүрийн орлогын 25 хувийг бүрдүүлж, нүүрсний үнэ өндөр байж, бид
ихээхэн нүүрс экспортлосон өнгөрсөн онд ч гэсэн “Эрдэнэт” төсвийн
орлогын 10 хувь буюу хагасаас илүү триллион төгрөгийг хангаж, ДНБ-ий 13,
нийт экспортын 20 хувийг бүрдүүлсэн байна.
“Эрдэнэт” нь бидний
хувьд зүгээр нэг эдийн засаг дахь үзэгдэл бус, бас олон улсын тавцан
дээрх манай улсын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх явдал болсон юм.
“Эрдэнэт” нь Зөвлөлт холбоот улс ба БНМАУ-ын хамтын хүчин чармайлтаар
байгуулагдсан бөгөөд тус төслийг хэрэгжүүлэхэд бусад олон социалист
орнууд ч оролцсон юм. Зөвлөлт холбоот улс нь тэр үедээ нэгэн их гүрэн
байсан ч одоогийн “Рио Тинто” шиг болзол тавигддаггүй байв.
Өнөө
цагт бид уул уурхайн салбарыг манай ирээдүйн эдийн засгийн үндэс мэтээр
ярьж, тус салбарыг хурдхан шиг алс холд хүргэх хүлэг мэтээр үзэж байна.
Тэгэхдээ, бидний хүсэж байгаа шиг тийм хурдан биш ч гэсэн биднийг аль
хэзээнээс үг дуугуй урагш чирч буй шүд нь гүйцсэн морь байгаа шүү
гэдгийг бид умартаж байна. Чухамдаа “Эрдэнэт” л Монголын шинэ эдийн
засагт хүргэх урагшлах хөдөлгөөнийг хангах манай хамгийн чухал баялаг
болох Монголын уул уурхайн мэргэжилтнийг буй болгох боломжийг олгосон
юм. “Эрдэнэт”-ийг ашиглаж эхлэх үед Монголын мэрэгжилтнүүд дөнгөж 38%-г
эзэлж, ихэнх хариуцлагатай албан тушаалыг зөвлөлтийн мэргэжилтнүүд
эрхэлж байсан бол одоо гэхэд “Эрдэнэт”-д Монголын мэргэжилтнүүд 95%
эзэлж, хариуцлагатай албын дийлэнх хэсгийг нь эрхэлж байна.
Чухамдаа
“Эрдэнэт” л Монголыг үг дуугуй чирч буй тэр морь нь юм. Тэр хямралын
гэдэг жилүүдэд ч “Эрдэнэт” хурдаа сааруулаагүй юм. Үүнд, Оросыг
“Эрдэнэт”-д “Ростех” гэх улсын корпораци төлөөлөх болсон нь томоохон
хувь нэмэр оруулсан юм. Оросын “госимущество” гэх төрийн өмчийн газрын
өмнөх оросуудыг бодвол “Ростех” нь үйлдвэрийн удирдлагад идэвхтэй
оролцдог болов. Үйлдвэрийн зөвлөл нь тогтмолжив. Хэнбугай нь ч нүүрлэх
хямралын тухай бодоогүй байхад Орос ба Монголчууд нь “Эрдэнэт”-д хамтран
хямралаас сэргийлэх хөтөлбөрийг гаргаж, түүний ачаар 2009-2011 онд
үйлдвэрээс халах явдал гаргаагүйгээр барахгүй ажилчдад жил бүр цалин
хөлсийг нь 20-иос илүү хувиар нэмж, үйлдвэрийн шинэчлэл явагдаж байв.
Хямралын
үе дэх эдгээр бүх хүчин чармайлт нь 2011 онд тус үйлдвэр дээр хүдэр
олборлон боловсруулах, металлыг ялган баяжмал болгох, ашиг орлого олох
талаар компанийн тогтносон бүх хугацааны дээд үзүүлэлтэд хүргэж чадсан
юм. 2008 оноос үйлдвэрийн орлого 30 -аас илүү хувиар өсөж, цэвэр ашиг нь
үндсэндээ 10 дахин буюу 20 – 191 миллиард төгрөг хүртэл нэмэгдэв. Одоо ч
гэсэн бид гадаадын хөрөнгө оруулалт буураад байна гэж ярихдаа
“Эрдэнэт”-ийн манай оросын түнш болох “Ростех” нь зөвхөн 2008-2011 онд л
гэхэд технологийн үндсэн тоноглолын шинэчлэлтэд нийтдээ 408 сая ам.
доллар, түүний дотор ашгаасаа 103,2 саяыг нь оруулсан байна.
Арванхоёрдугаар
сарын эхээр болсон “Эрдэнэт” ба “Монросцветмет”-ийн зөвлөлийн хурлыг
хэн ч анзаарсангүй. Одоогийн энэ нөхцөлд хуучин хүлэг морьддоо илүү их
анхаарал тавьбал бидэнд муугүй л байхсан.
“Эрдэнэт”-д оросын
талыг төлөөлөх ерөнхий захирлын 1-р орлогч нь солигдов. Одоо,
“Эрдэнэт”-ийн захирлын 1-р орлогчоор өмнө нь “Ростех” улсын корпорацийн
үйлдвэрлэлийн активын газрыг толгойлж байсан Игорь Рой гэдэг хүн болов.
Тэрхүү компани нь батлан хамгаалах, цахим техник, хими, машин
үйлдвэрлэл ба бусад төрөл үйлдвэрийн зэрэг 650 гаруй томоохон
байгууллагыг нэгтгэдэг гэж үзвэл Ройгийн албан тушаал нь хэр зэрэг чухал
байсан бэ гэдгийг харуулах байх. Энэ нь оросуудаас “Эрдэнэт”-ийн
шинэчлэлийг хэр зэрэг дэмжиж байгааг, Оросууд “Эрдэнэт”-д аль хэр ач
холбогдол өгч байгааг бас дахиад нэг нотлож байгаа юм. Түүгээр үл барам,
“Эрдэнэт” ба “Монросцветмет”-ийг нэгтгэж, цаашид нэгдсэн компаний
хувьцаанд IPO гаргах гэсэн дам яриа явж байхад энэ нь сонирхолтой ч байж
болох юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн “Оюу толгой”-г
тойрсон маргаан, “Жаст групп”-ын дампуурал зэргийн дараа илүү том явдал
болж болох юм.
Эдийн засагчдын төсөөлж буйгаар ирэх жил тийм ч
амархан байхгүй бололтой. Нүүрс, зэс, алтны үнэ тийм ч өндөр байхгүй
бололтой. Ийм нөхцөлд хуучин үйлдвэрүүд маань үндсэн татвар төлөгч нь ч,
үндсэн ажил олгогч нь ч, өөрөөр хэлбэл манай эдийн засгийн
тогтворжилтын үндэс суурь нь байх болно.