Уул уурхайн яамнаас ийнхүү оны төгсгөлд салбарынхаа амжилт ололтыг дүгнэн, шилдэг аж ахуй нэгжүүдийг өнөөдөр тодрууллаа. Энэ жил гадаад, дотоодын зах зээл хүндхэн байсан ч хэцүү үеийг хамтдаа даван туулан гарсан нийт салбарынхандаа цаашид хийж бүтээх их ажлын амжилтыг хүсч, шилдгүүдээ ийнхүү нэрлэсэн юм. Шилдгүүдийг дөрвөн номинациар шалгаруулсан бөгөөд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нар өргөмжлөл гардууллаа.
- Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллага-“Шарын гол” ХК
- Шилдэг технологи нэвтрүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага-“Оюутолгой” ХХК
- Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж, байгууллага-“Алтан Дорнод Монгол” ХХК
- Шилдэг төсөл боловсруулагч “Гложекс” ХХК тус тус шалгарлаа.
Ийнхүү уул уурхайн салбар дахь шилдэг нөхөн сэргээгч компаниар шалгарсан “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Дэд захирал М.Идэрээс салбартаа хийсэн бүтээн байгуулалтынх нь талаар тодрууллаа.
-Шилдэг нөхөн сэргээгч компаниар шалгарсанд баяр хүргэе. Компани анх хэрхэн байгуулагдаж, ямар бодлоготойгоор ажиллаж байгаа вэ?
-Баярлалаа. Алтан Дорнод Монгол компанид 2011 оноос үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсанаар монголчуудын удирдлагад шилжсэнээс хойш урьд удирдлагууд, харилцагч компаниудаас үүссэн байсан асуудлуудыг шийдэж эрчимтэй ажиллаж эхэлсэн. Ингэхдээ байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал дээр анхаарч, хичээж ажиллаж ирлээ. 2012-2013 онд гэхэд 330 га талбайд техникийн, 160 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил хийсэн.
-Энэ жил хэрхэн ажиллаж, хэчнээн га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн бэ?
-Энэ жил бид 190 га талбайд техникийн, 150 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэлээ. Үүнд компанийн зүгээс нийт зургаан тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Бид нийгмийн хариуцлагаа эрхэмлэж, Төв аймгийн Заамар сумын бяцхан хүүхдүүддээ зориулж, нэг ээлжиндээ 140 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай хоёр давхар цэцэрлэгийн барилга барьж хүлээлгэн өгсөн. Иргэд, малчдын зорчдог гол зам болох Халзангийн давааны дөрвөн км орчим замыг засч хүлээлгэж өгсөн. Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй худаг усны ажилд хамтран ажилласан. 1000 орчим чацарганы мод, 400 орчим үхрийн нүдний мод тарьсан. Энэ нь орон нутгийн иргэдэд тодорхой хэмжээний ажлын байр бий болгоход суурь болсон болов уу. Мөн БНСУ-ын эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, ажилтнуудыг урьж авчран Заамын сумын нийт 3000 орчим иргэдийг эмнэлгийн үзлэг, оношлогоонд хамруулж, 40 орчим сая төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй өгсөн. Ер нь бид орон нутагт хийсэн нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил энэ жил үр бүтээлтэй, баялаг байлаа гэж үзэж байна. Ийнхүү бидний хийсэн ажлыг үнэлж шилдгээр тодруулсанд талархаж байна. Энэхүү шагнал хийж бүтээсэн ажлыг үнэлээд зогсохгүй ирэх жилүүдэд хийх ажилд маань их урам зориг хайрлаж байна.
-Ирэх жил ямар ажлыг төлөвлөж байна вэ?
-Ирэх жил байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлаар 300 орчим га талбайг хамруулахаар төлөвлөөд байна. Энэ нь төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж, тухайн орон нутаг, эрх бүхий байгууллагадаа хүлээлгэн өгөх болно.