Д.Ганхуяг: Хүн битгий рекэтлээд байгаарай

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Д.Ганхуяг: Хүн битгий рекэтлээд байгаарай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар "Хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж шийдвэрлэлээ. Төсөлд алтны татварыг бууруулахаар заасан байв. Алтанд ногдуулах татварын хувь хэмжээг 2.5 байхаар зааж өгчээ. Тодруулбал, уг хуулийн төсөл нь УИХ-ын ээлжит бус чуулганаар анх хэлэлцэж эхэлсэн ч өнөөг хүртэл баталж чадаагүй Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөлтэй агуулга нэг аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг батлуулж чадахгүй болонгуутаа дахин нэрийг нь солиод төсөл мэдүүлжээ гэж ойлголоо. Алтны татварыг 2.5 хувь болгохоор урд хөрштэй татвараараа өрсөлдөхүйц болж чадна гэж та бүхэн яриад байгаа. Чухамдаа бол Хятад улсын рояльтын татвар нь 2 хувь хэдий ч дээр нь нэмж орон нутагт өгдөг татвар нь 3 хувь, ашгийн татвар нь 42 хувь гээд тооцвол Монгол Улсынхаас татвар нь өндөр тусдаг. Ийм байтал яагаад заавал алтны татварыг бууруулах гээд байгаа юм бэ" гэв.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Хэрэгцээ байгаа учраас алтанд ногдуулах татварыг бууруулахын тулд гол, гол яамдтайгаа ярилцаад, Засгийн газраар дэмжүүлээд хуулийн төслийг УИХ-д мэдүүлсэн" гэсэн хариулт өгөв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Алтанд ногдуулах татварыг бууруулчихаар валютын нөөц бүрдэнэ гэж яриад байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Алт олборлодог аж ахуйн нэгжүүд ихэнхи нь гадаадын хөрөнгө оруулалттай. Алтаа Монголбанкинд тушаангуутаа монгол төгрөг аваад гадаад руу явна гэж ойлгоод байгаа юм уу. Ийм компаниуд ихэвчлэн гадаад руу хөрөнгөө төвлөрүүлдэг. Ер нь тэдгээр компаниуд доллар халааслаад явах юм уу, төгрөг халааслаад явах юм уу. Доллар халааслаад явбал валютын нөөцийг чинь ховх сорно. Оюутолгойгоор жишээ авъя, ирэх жил 30 тонн алт олборлох боломжтой. 30 тонн алт 1 тэрбум ам.доллар болно. Энэ чинь валютын нөөцийг ховх сорчих байхгүй юу. Үүнд хариулт өгөөч, Уул уурхайн сайд аа?.

Сайд Д.Ганхуяг "Төгрөг халааслаад явах юм уу, доллар халааслаад явах юм уу. Би яаж мэддэг юм. Чи өөрөө компаниудаас нь очоод асуухгүй юу. Яах нь вэ, хүн битгий рекэтлээд байгаарай".

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Асуулт асууж байхад рекэтиллээ гэж юу яриад байгаа юм. УИХ-ын гишүүн байхдаа алт олборлолтыг нэмэгдүүлж болохгүй байгаль орчинд халтай гэж ярьдаг байснаа сайд болонгуутаа алт олборлохгүй бол болохгүй, валютын нөөц бүрдүүлнэ гэж өөр юм яриад. Ер нь манай гишүүд албан тушаалтай болохоороо чих нь дүлийрээд нүд нь сохорчих юм.

Сайд Д.Ганхуяг "Төгрөг аваад гарах юм уу, валют аваад явах юм уу, би мэдэхгүй ш дээ".

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Өөрөө эхэлж өдөж загнасан шүү".

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Сайдаа ажлаа хийж чадахгүй бол өгчих".

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "УИХ дуртай төслөө хэд, дахин хэлэлдэг. Дургүй төслийг хэд дахин мэдүүлсэн ч хэлэлцэхгүй хав дараад суучих юм. Ардчилсан намынхан та нар "Центра гоулд"-ынхантай уулзаад хачин байгаа шүү. Гадаадынхны гар хөлөөд болж сууж байгаагаа мэдэж байна уу".

Сайд Д.Ганхуяг "Олборлосон алтнаас 7-8 тонн нь ямар байдлаар гадагшаа гарч байна вэ гэдэг мэдэгддэггүй. Нууц байдаг. Тиймээс хууль бусаар гарч байгаа алтыг Монголдоо үлдээхийн тулд татварын хэмжээг бууруулъя гэж үзэж байгаа юм. "Центра гоулд"-ынхантай уулзсан зэргийг мэдэхгүй юм. Миний хувьд тийм асуудал байхгүй. Албан журмаар асуудалд ханддаг, яамныхаа холбогдох хүмүүстэй хамт ажил ярьдаг.

"Бороо гоулд" компанийн тухайд өнгөрсөн хугацаанд 70 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байдаг юм билээ. Тогтвортой байдлын гэрээ нь ер нь дуусч байгаа. Гачууртын ордыг стратегийн ордод хамааруулъя гэдэг санал тавьсан.  34 хувийг нь төр эзэмших юм. Энэ саналыг дэмжиж байгаа.

Нэг зүйлийг онцолход, дэлхий нийтийн хандлага бол алт олборлолтыг нэмэгдүүлж валютын нөөцөө бүрдүүлж байна. Урд хөрш ийм зарчмаар ажилладаг учраас гаднаас орж ирдэг алтанд ногдуулдаг татвар 2 хувь байдаг" гэсэн хариулт өгсөн юм.

Ийнхүү дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд  асуулт, асууж саналаа хэлсний дараа хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж