Калашников: Зохион бүтээгч болсонд немцүүд “буруутай”

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Калашников: Зохион бүтээгч болсонд немцүүд “буруутай”

Михаил Калашников: Намайг цэргийн зохион бүтээгч болсонд немцүүд “буруутай”

Буудлагын галт зэвсгийн түүхэнд хамгийн нэртэй зохион бүтээгчдийн нэг Михаил Тимофеевич Калашников үнэн хэрэгтээ ганц  АК-47 автомат буу бүтээснээрээ алдаршсан нэгэн. Гэхдээ энэ автомат бууг орчин үеийн хамгийн алдартай галт зэвсгээр нэрлэж болно. Тиймээс ч тэр галт зэвсгийн хамгийн нэртэй зохион бүтээгчдийн нэг болсон биз ээ. Харамсалтай нь энэ онд 93 нас хүрсэн алдарт зохион бүтээгч  маань удаан хугацааны турш хүнд өвчнөөр өвчилсний эцэст энэ даваа гарагт таалал төгслөө.

Хүйтэн дайны үед барууныханд М-16 автомат винтов байсан. Үүн шиг зүүнийнхний хувьд Калашниковын автомат буу билэг тэмдэг нь болж байв. Түүнчлэн найдвартай байдал, энгийн бүтэц нь түүнийг зөвхөн цэргийнхэн төдийгүй дэлхий даяар янз бүрийн цэрэгжсэн бүлэглэлүүдийн дунд ихээхэн алдартай болгосон юм. Михаил Калашников автоматаа зохион бүтээхдээ бусад зохион бүтээгчдийн санааг ашигласан гэх хардалт сүүлийн жилүүдэд багагүй гарсан. Гэхдээ энэ таамаглал  батлагдаагүй. Калашниковын автоматыг олон удаа шинэчлэн сайжруулсан бөгөөд хамгийн сүүлийнх нь 2000-аад оны үед хийгджээ.
Дэлхий даяар ойролцоогоор 100 сая орчим АК-ын төрлийн автомат буу ашиглаж байгаа гэсэн тооцоо байдаг бөгөөд олон орон Калашниковын автоматыг ямар ч лицензгүйгээр үйлдвэрлэж байна. Цэргийн агуулахуудад хангалттай хэмжээгээр хадгалагдаж байгаа учир Оросын арми одоо энэхүү автомат бууг их хэмжээгээр худалдан авахаа больжээ. Түүгээр ч барахгүй Батлан хамгаалах яамнаас зарласан шинэ автомат буу зохион бүтээх уралдаанд оролцогчдын дунд Калашниковын автоматын сайжруулсан хувилбарыг ирүүлсэн хүн ч байгаа ажээ.

Цэргийн зохион бүтээгч

Ирээдүйн зохион бүтээгч 1919 оны арваннэгдүгээр сарын 10-нд Алтайн хязгаарын Курья тосгонд тариачны гэр бүлийн 17 дахь хүүхэд болон мэндэлсэн юм. Тэрээр 1930 онд Калашниковын гэр бүлийнхний хөрөнгийг хурааж, Томск муж руу цөлжээ. Долоодугаар анги төгссөн Михаил 1936 онд Туркестан-Сибирийн төмөр замд ажилд орсон аж. Ажлын шугамаар тэр техникийн ажилтнуудтай их харилцаж, машин техник сонирхдог байсан бөгөөд хоёр жилийн дараа цэрэгт татагдаж, танкны механик жолооч болсон юм.

Анхны бүтээлээ Калашников бүр дайнаас өмнө хийсэн гэдэг. Тэрээр танкны их бууны буудлага тоологч болон хөдөлгүүрийн нөөцийг хэмжигч төхөөрөмж зохион бүтээжээ. Хожим тэдгээрийг цувралаар үйлдвэрлэж эхэлсэн юм. Тэрээр 1941 оны есдүгээр сард фронтод очсон боловч сарын дараа хүнд шархдсан байна. Ингээд цэргийн эмнэлэгт хэвтэж байхдаа анхны автомат бууныхаа санааг олжээ. Эмнэлгээс гарсны дараа хийж гүйцээсэн Калашниковын автомат гар буу олноор үйлдвэрлэхэд хэтэрхий түвэгтэй байсны зэрэгцээ дайн ид үргэлжилж байсан болохоор армийн зэвсэглэлд нэвтрээгүй юм. Дайн дуусахаас өмнө Калашников автомат цэнэглэгчтэй винтов, гар пулемёт зохион бүтээсэн боловч мөн л үйлдвэрлэлд ороогүй аж.

“АК-47” болон бусад нь

Калашников 1945 онд ЗХУ-ын БХЯ-аас зарласан уралдаанд оролцохоор алдарт автомат буугаа  бүтээсэн юм. 1940-өөд оны эхээр буудлагын зэвсгийн шинэ төрөл болох дайралтын винтов бий болжээ. Түүний гол онцлог нь энгийн винтовныхоос хүч багатай. Харин автомат гар буунаас илүү “завсрын” гэж нэрлэгдсэн сумыг хэрэглэдэг. Энэ зэвсэг урт цуваагаар гал нээх боломжийг олгохын зэрэгцээ холын тусгал, сумны хурдаараа энгийн винтовны үзүүлэлтийг давжээ. Чухам ийм сумтай (7.62х 39 мм) хэд хэдэн дайралтын винтов бүтээгдсэний дотор Калашниковын автомат ч байсан бөгөөд уралдаанд түрүүлсэн юм. Ингээд 1947  оны загварын, 7.62 мм-ийн Калашниковын автоматыг 1949 оноос өргөнөөр үйлдвэрлэж эхэлсэн байна. Дэлхий даяар түүнд товчхон “АК-47” гэсэн нэр өгсөн юм.

Сүүлийн жилүүдэд ОХУ болон гадаадын хэвлэлүүдэд Калашников автомат буугаа бие даан зохион бүтээж чадаагүй, өөр зохион бүтээгчдийн санааг хулгайлсан гэх цуурхал дэгдэх болсон. Үүндээ Зөвлөлтийн зарим нэг зохион бүтээгчид болон Германы Хуго Шмайссерын бүтээсэн загваруудыг онцолж байв. Немцийн “StG-44” дайралтын винтов болон бусад загварууд гадаад байдлаараа “АК-47”-той төстэй боловч дотоод бүтэц эрс ялгаатай. Гэхдээ Калашников автомат зэвсгийн механизмыг анх бодож олсон хүн хараахан биш гэдгийг энд онцлох хэрэгтэй. “АК-47” бууны ихэнх хэсэг урьд өмнө нь ч байсан. Харин мэргэжилтнүүдийн бодлоор түүний байгуулсан гол гавьяа бол энэхүү механизмыг улам боловсронгуй болгож, илүү найдвартай, маш энгийн, ямар ч нөхцөлд гацалтгүй ажилладаг буу бүтээж чадсанд байгаа юм.   Хожим “АК-47” дээр үндэслэн Калашниковын удирдсан зохион бүтээх товчоо гар пулемёт, “АК”-ны олон төрлийн сайжруулсан хувилбарыг гаргажээ.

ЗӨвлӨлтийн брэнд

Калашниковын автомат, пулемёт буу яг хэчнээн хувь үйлдвэрлэгдсэнийг хэн ч хэлж чадахгүй. Хамгийн ойролцоо тооцоогоор XXI зууны эхэн гэхэд дэлхийн 55 улсад 100 сая орчим энэ төрлийн галт зэвсэг байгаа гэнэ. Энэ нь дэлхий дээр байгаа нийт зэвсгийн 1/6 гэсэн тооцоог хүртэл хэн нэгэн гаргажээ.

“АК-47” социалист системийн бүх орнууд болон бусад улсуудын армийн зэвсэглэлд байсан. Албани, Болгар, Унгар, Египет, Иран, Хятад, Польш, Румын, Хойд Солонгос зэрэг улсуудад өнөөг хүртэл энэ бууны сайжруулсан загварыг үйлдэрлэдэг. Гэхдээ ихэнх нь огт лицензгүйгээр. Оросын эрх баригчид үүнтэй тэмцэхийг оролдож байгаа ч амжилт олохгүй байна. Хууль бус үйлдвэрлэлээс болж Орос жилд хоёр тэрбум ам.доллар алддаг гэсэн тооцоо ч гарчээ. Энэ тооцоо “АК-47” хичнээн алдартай болохыг харуулж байгаа юм.

Ямартай ч Калашниковын автомат олон улс орны хувьд нэг ёсны билэг тэмдэг нь болжээ. “АК” бууны дүрсийг Мозамбикийн төрийн сүлд, далбаа, мөнгөн тэмдэгт, Зимбабвегийн сүлднээс харах боломжтой. Харьцангуй саяхнаас Буркина-Фасогийн сүлдийг алдарт автомат бууны дүрс чимэглэх болсон. Калашниковын автомат зөвхөн байнгын армийг зэвсэглээд зогсохгүй олон орны босогчид, ардын чөлөөлөх хөдөлгөөний гишүүдийн гарт ч орсон байна. Тэр бас дэлхийн даяар гэмт хэргийн ертөнцийнхөнд ихээхэн алдартай. Латин Америкийн хар тамхины картелийнхан сумны гэрийнх нь хэлбэрээс болж түүнд “cuerno de chivo” (ямааны эвэр) гэдэг нэр хүртэл өгчээ. “АК-47” олон дуу, киноны баатар болсон. “Жеки Браун” киноны баатруудын нэг түүнийг “хамгийн шилдэг”, “юугаар ч солимгүй” хэмээн магтдаг. Энэ бууг бараг л судалгаа шинжилгээний обьект болсон урлагийн үнэт бүтээл гэхэд болно.

Хариуцлага

Михаил Калашников амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл саруул ухаан, эрүүлээр сэтгэн бодох чадвараа хадгалсаар байсан юм. Тэрээр түүхэнд “хамгийн их үхэл таригч” гэсэн ангилалд нэр дэвших бүрэн боломжтой өөрийн зэвсгийн алдар хүндээр тийм ч их бахархдаггүй байсан бололтой.  Гэвч өөрийн амьдралаа армитай холбож, анхны зохион бүтээсэн зүйл нь цэргийн техниктэй холбоотой байсан болохоор түүнд өөр зам байгаагүй юм. “АК-47” бууны 60 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Михаил Калашников сэтгүүлчдэд “Хэрвээ дэлхийн II дайн дэгдээгүй бол би тариаланчдын хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөх техник бүтээх байсан байх. Тэгэхээр намайг цэргийн зохион бүтээгч болсонд немцүүд буруутай” гэж ярьжээ.

Мөн дэлхий даяар түүний зэвсгийг хэрхэн ашиглаж байгаад сэтгэл дундуур явдгаа ч тэрээр өгүүлсэн байна. Тэрээр “Калашниковын автомат бууны загварууд дээрэмчдийн гарт байгааг  зурагтаар хараад би энэ зэвсгүүд яагаад тэдний гарт орчихвоо гэж өөрөөсөө үргэлж асуудаг. Гэвч зохион бүтээгч зэвсэг нь хаана очихыг мэдэхгүй. Үйлдвэрлэл болон экспортыг Засгийн газар  л хариуцах ёстой” гэжээ. Гэвч үүнд хяналт тавихад маш хэцүү. Учир нь Михаил Калашников үнэхээр найдвартай, үр ашигтай, хамгийн гол нь үйлдвэрлэхэд хэтэрхий амархан зэвсэг бүтээсэн юм.

Б.МИШЭЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж