
Шинэчлэл хөдөлгөөний шаардлагын дагуу ирэх онд тус аймгийн АН-ынхан намын хороогоо бүрэн бүрэлдэхүүнээр нь дахин сонгохоор болжээ. Сонгуулийг 2014 оны гуравдугаар сарын хоёр дахь арав хоногт явуулахаар товлож, АН-ын анхан шатны бүх үүрүүдэд сонгууль явуулан аймгийн Намын хороог бүрдүүлэх шийдвэрийг гаргажээ. Тэр болтол тус аймгийн АН-ын дарга Г.Мөнх-Даш албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ. Түүнчлэн Намын хорооныхон аливаа сонгуулийг гардан зохион байгуулахаар намын дүрэмд заасан байдаг болохоор сонгуулийг зохион байгуулахад талуудыг ижил тэнцүү эрх мэдэлтэйгээр оролцуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Шинэчлэл хөдөлгөөнийхөн илэрхийлж байна. Энэ удаа өлсгөлөнг зогсооход АН-ын генсек онцгой үүрэгтэй, санаачлагатай оролцсонд тэд талархаж байгаагаа хэллээ. Хэдийгээр намын удирдлагууд орон нутгийн асуудалд гар дүрэх эрхгүй боловч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь сэтгэл гарган зүтгэсэн байна. Ирэх гуравдугаар сарын сонгуулийг тунгалаг явуулахын төлөө хичээн ажиллана гэж Шинэчлэл хөдөлгөөнийхөн мэдэгдлээ.